Иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлов

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлов

Хоггүй эрүүл хотыг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлов

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 359 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Хоггүй эрүүл хот бий болгоход салбар хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт туршлага солилцох уулзалт, сурталчилгааны ажлын нээлтийн үйл ажиллагааг ЭМЯ, БОНХЯ, ДЭМБ хамтран Улаанбаатараас Дархан хотруу явах замд буюу 22-ын товчоон дээр өнөөдөр /10.14/ зохион байгууллаа.

Уг нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Су Нюунт-У болон Нийслэлийн мэргэжлийн хяналт, Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн холбогдох ажилтнууд оролцлоо. Үйл ажиллагааны гол зорилго нь хоггүй хот суурин газар бий болгох, түүний дотор авто зам дагасан хог, түүнийг цэвэрлэх, зохистой цуглуулж хаяж заншуулахад оршиж байгаа юм.

  Энэхүү нээлтийн үйл ажиллагааг Улаанбаатараас Дархан хотруу явах 22-ын товчоон дээр зохион байгуулахаас гадна Төв аймгийн Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Баруун хараа, Дархан-Уул аймгийн Хонгор суманд зохион байгуулж тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдод сургалт, сурталчилгааны материал тараахаар төлөвлөжээ.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Эрүүл хот бий болгоход Монгол улсын хэмжээнд орчны болон дэд бүтцийн асуудлууд тулгамдсан хэвээр байгааг дурьдаад үүнийг шийдэхэд хөрөнгө, санхүүжилт ихээр шаардах боловч хоггүй цэвэр цэмцгэр хот болгох нь хүн бүрийн зүтгэл, зөв дадал хэвшилтэй холбоотой учир хамгийн түрүүнд шийдэж болох асуудал гэдгийг онцолсон. Мөн тэрээр хэлэхдээ, “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Хоггүй эрүүл хот бий болгоход салбар хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байна. Бодитой ажил хийхийн тулд салбар хоорондоо хамтран ажиллах, иргэдэд хогийг зөв боловсон хаях, түүнд зориулсан зөв хогийн сав байрлуулах нь чухал гэдгийг Дархан хотын жишээнээс харж байна” гэлээ.

 “Хоггүй эрүүл хот бий болгоход салбар хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт-сургалт нь Дархан хотод 2013 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэ үйл ажиллагаанд:

  • Дархан хотын эрүүл хот болсон туршлага, байгууллагуудын харилцан уялдаатай ажиллаж байгаа байдал, Засаг даргын нэгдсэн төлөвлөгөөнд бүх аймгийн байгууллагууд нэгтгэгдэн төлөвлөгөөгөө боловсруулсан байдал, Дархан хотын бүтээн байгуулалт хүнд ээлтэй орчин бий болгож байгаа талаар газар дээр нь очиж үзэх, туршлага судлах, цаашид өөрийн аймаг, орон нутагт хэрэгжүүлэх
  •  Эрүүл хот бий болгоход ногоон байгууламжийг хэрхэн бий болгосон, цаашид тогтвортой хөгжүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
  • Эрүүл хот бий болгоход салбар хоорондын манлайлал бий болгох сургалт
  • Эрүүл хотын хүрээнд эмнэлгийн байгууллага, эрүүл ажлын байр бий болгосон байгууллага, сургууль, цэцэрлэгтэй танилцах
  • Аюулгүй Дархан хот бий болгоход Дархан хотын камержуулалтын систем, замын осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг хэд хэдэн ажилтай танилцахаар хөтөлбөртөө тусгажээ. 

    Мөн энэ хугацаанд Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь зэрэг найман Засаг дарга болн сумын Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар Дархан хотын туршлагатай танилцаж цаашид аймгийн төвүүдийг эрүүл хот болгоход юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгийг суралцах ажээ. Тодруулбал, Дархан хотын ахуйн хогийг ангилсан байдал, айл өрхөөс хогийг хэрхэн ангилан авч хог боловсруулах үйлдвэрт өгч бүтээгдэхүүн болж байгааг дээрх найман аймгийн төлөөлөгчдөд үзүүлж цаашдаа Дархан хотын жишгээр хэрхэн ажиллах туршлага солилцоно.

     “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь 2012-2016 онд хэрэгжих бөгөөд бүх аймаг, нийслэлийн хэмжээнд дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжиж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа ДЭМБ-ын төсөв санхүүжилтээр хийгдэж байгаа юм.

    Эх сурвалж: www.moh.mn
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж