Химийнхэнтэй сүжирсэн “Нобел”

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Химийнхэнтэй сүжирсэн “Нобел”

Нобел химийн салбарт шагнал гардуулдаг нь үнэн. Гэхдээ үүгээр энэ салбарыг доош нь хийх гэсэнгүй. Дэлхийн энхтайван байдлыг сахиулах ариун үйлсэд гар бие оролцсоных нь төлөө энхтайвны шагналаа Цөмийн зэвсэгтэй тэмцэх олон улсын холбоо  байгууллагад өглөө. Зарим хүмүүс үүнийг улс төрийн тоглолт хэмээн харж байгаа. Бүр зарим нь В.Путинд өгчихөөгүй нь яамай ч гэж харж байгаа. Үлдсэн хэсэг нь Малалад өгчихгүй дээ гэж харж байгаа. Аль нь ч байсан сүүлийн гурван Нобелийн энхтайвны шагнал ямар нэгэн маапаантай улс төрийн үзэл санаа цухалзсан байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өмнө нь ямар нэгэн өнгөөр будагдсан байсан ч ингэж жил дараалан үнэн төрөхөө харуулдаггүй байсан юм. Хэрэв Алфред Нобел амьд байсан бол юу хэлэх байсан бол.

Химийн зэвсгийн холбоо юу хийсэн бэ?

Хамгийн сүүлд Сири гэдэг улсын асуудалд эцсийн мөчид гаргасан шийдвэрүүд энэ байгууллага руу чиглэгдэнэ. Сирийн асуудал хоёр жил үргэлжилж буй. Энэ хугацаанд их гүрнүүд өөрсдийнхөө өнцгөөр хандаж ирсэн. ОХУ хамгаалсан гэхдээ ашиг харж, АНУ дайрсан, бас л ашиг харж. Нэг талд нь ОХУ эрэлхэг баатрын дүрээр үзэгдэж байсан бол нөгөө талд нь АНУ чөтгөрийн эсрэг тэмцэгч шиг харагдаж байлаа. Гэхдээ дийлэнх хэсэг нь энэ бол Сирийн л асуудал гэж харагдаж байсан нь лавтай. Энэ хугацаанд байдал улам хурцдаж, иргэний дайны хэмжээнд хүрсэн. Тиймээс ч Нобел авахаас хэдхэн сарын өмнө АНУ цэргээ оруулна гэж дайрч эхэлсэн. Гол нь юунд байсан бэ? Химийн зэвсэг. Химийн зэвсэг хэрэглэж улс үндэстнээ хөнөөж байна гэж Обамагийн засаг захиргааныхан үзэж, бүх дэлхийг Сири рүү дайрахыг уриалж эхлэв. Тиймээс ч Их-20 гүрний уулзалт бүхэлдээ Сири рүү чиглэж байлаа. В.Путин ч хамгаалагчийн байр сууриндаа цөхрөлтгүй зогсч Обамаг барайлгаад авсан. Үүнээс хойш дэлхий Сирийг дайны олз гэж харж эхэлсэн билээ. Бүх зүйл өрнөөд удсаны дараа Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага хөдөлж эхэлсэн. Хойд атлантын цэргийн эвсэл шамдуулаагүй бол энэ холбоо яах байсан нь одоо ч тодорхойгүй байна. Хамгийн том асуулт нь энэ хоёр жилийн хугацаанд яагаад чимээгүй байсан юм бэ? Сири 1970-аад оноос химийн зэвсэг туршиж, бүр хэрэглэж ч байсан.  Эцэг Ассад төрийн сэнтийд заларч ахуйд жижиг бослогыг химийн зэвсгээр дардаг байсан гэх. Энэ бол АНУ-ын тагнуулын төв газрын судалгаа. Ийм тодорхой байхад яагаад энэ холбоо байсан бэ? Одоо хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан НАТО-гийн шахалт, НҮБ-ын хяналттайгаар Сирийн химийн зэвсгийг устгуулах тал дээр АНУ, ОХУ хоёр нэгдэж чадсан. Энэ бол үнэн.

Улс төрийн оролцоо байгаа юу?

Үүнийг хэн ч мэдэх аргагүй. Ямарч байсан В.Путин, Малала хоёрын дунд өрсөлдөөн өрнөнө гэж дэлхий нийт харж байсан. Хэдийгээр энэ байгууллагын нэр дэвшсэн гэдгийг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан ч олон нийт анхаарлыг тэдэнд хандуулаагүй юм. Учир нь В.Путин, химийн зэвсгийг устгах олон улсын холбоо хоёрын эцсийн үр дүн бараг ижилхэн учир их гүрний удирдагч мундагдаж авна гэж бодож байлаа. Гэхдээ нэг талаасаа барууныхан Путинд дургүй гэдгийг харж болно. Их гүрнүүдийн хувьд ямар нэгэн үр дүнд хүрэхгүй Малала охинд гардуулахыг угаасаа хүсэхгүй. Тиймээс ч олон улсын томоохон шагналаар түүнийг дарсан нь тактикийн алхам байж болох юм. Гаргалгааг тайлах ганцхан сэжим байна. Ирэх оны хоёрдугаар сар гэхэд ямар нэгэн химийн зэвсэг илэрвэл их гүрнүүд цэргээ оруулж, химийн зэвсгийг нь хүчээр устгана. Гэхдээ цэргийн ажиллагаа хийлгүйгээр. Харин үүнийг устгахын тулд НАТО, Сирид түр бааз байгуулна. Иргэний дайны аюулын харанга дэлдэж байгаа улсад цэргүүд зүгээр оччихгүй нь тодорхой. 

Дараалсан гурав, бас нэг…

2009 онд сонгогдоод удаагүй байсан Обама Нобел гардсан. Үүнийг гардахыг хийхийн тулд тэр яг юу хийсэн бэ? Юу ч хийж амжаагүй. Энэ бол гашуун үнэн. Дараа нь тэр Сири рүү дайрч, Афганиас цэргээ гаргах хугацаагаа сунгасан. Энэ бас л цаасан дээр үлдсэн. 2012 онд хэнд өгсөн бэ? хэнд ч биш үнэндээ бүхэл бүтэн тивийг төлөөлөх улстөрийн байгууллагад өгсөн. Учир нь тивдээ энхтайвныг цогцлоосон гэж үзсэн. Үндэслэл нь ердөө л энэ. Гэхдээ томоохон эдийн засгууд ганхаж, зарим улс нь дампуурсан, жижиг үндэстнүүд нь тусгаар болохыг хүссэн энэ тивд л өгчихсөн. Үр дүнд нь дэлхийн өнцөг булан бүрт эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Одоо Химийн зэвсгийг устгах олон улсын холбоо аваад байна. Эсэргүүцэл бага байгаа ч олон нийтийн сүлжээ сайтуудаар эсэргүүцэх хүний тоо цөөнгүй бий. Энэ мэтчилэн маргаантай шагналууд цөөнгүй бий. 2007 оны Олон улсын уур амьгалын өөрчлөлттэй тэмцэх холбоо, Аль Горын шагнал, 2005 оны Олон улсын цөмийн энергийн газар, Мухаммед Эль Барадей, 1994 оны Ясир Арафат, Ицнак Рабин, Шимон Перес нарын шагнал гээд явж өгнө. Энэ бүхэнд яах гэж өгөх гэж байсан нь тодорхойгүй ч олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, Нобелийн нэр хүндийг унагааж байгаа нь тодорхой.

“Хүн төрөлхтөний сайн сайхны төлөө үйл хэрэг, нээлтийг бий болгож, чадсан хувь хүн, байгууллагад энэ шагнал очих учиртай” Альфред Нобелийн гэрээслэл…

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж