ДАШТ-ий 6,1 сая тасалбар захиалжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий 6,1 сая тасалбар захиалжээ

2014 онд Бразил улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар захиалагчийн тоо 6,1 саяд хүрчээ. Тэгэхээр тасалбар захиалсан иргэдийн тал хувь нь тэмцээнийг телевизээр үзэхээс өөр аргагүй болсон байна. Учир нь ДАШТ-ий нийт тасалбар 3,3 сая юм. 2014 оны зургаадугаар сарын 13-нд Бразилийн Сан Пауло хотноо болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын нээлтийг үзэхийн тулд 726 мянган хүн тасалбар захиалах санал ирүүлсэн байна. Харин 2014 оны долдугаар сарын 12-нд “Маракана” цэнгэлдэхэд болох шигшээ тоглолтыг 751 мянга гаруй хүн үзэхээр тасалбар захиалжээ. Гэвч Бразилийн Рио де Жанейро хотноо байрлах алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэн 78 мянга 838 хүний багтаамжтай юм. Гэхдээ энэхүү цэнгэлдэх хүрээлэнд 1950 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн шигшээд Бразил, Уругвай тоглоход 199,854 хүн үзсэн нь дээд амжилт болсон юм.

2014 оны ДАШТ-ий тасалбарыг хамгийн захиалсан улсаар тэмцээнийг Бразил тодорсон байна. Бразил нутгийнхаа иргэдэд зориулан тасалбараа тусгайлан хямдхан гаргасан юм. Бразилийн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийн хойгуурх суудлуудаар “ердөө” 15 еврогийн үнэтэй тасалбараар үйлчлүүлэх юм.

Дараа жил болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд Улаанбаатарын цагаар шөнийн 03:00-06:00 цагуудад болох юм.

ДАШТ Бразил улсын 12 хотод нэг сарын турш болно.  Тасалбар нь ямар улсуудын тоглолт, аль хот зэргээс шалтгаалан өөр байна. Хамгийн үнэтэй тасалбар нь Рио де Жанейро хотын “Маракана” цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтынх юм. Шигшээ тоглолтын тасалбарын 1900 еврог өнөөдрийн Монгол банкны ханшаар төгрөгт шилжүүлбэл 4, 4 сая төгрөг болж байна. 

Тасалбарын үнэ:
Нээлт: 1490 евро / Сан Пауло хот, Сан Пауло Арена/
Хэсгийн тоглолт: 290 евро
Шөвгийн 16 болон дөрөв: 390-640 евро
Хагас шигшээ: 1140 евро /Бело Хоризонте хот, Минейро цэнгэлдэх/
                           990 евро / Сан Пауло хот, Сан Пауло Арена/
Хүрэл медалийн төлөөх тоглолт: 390 евро /Бразилия хот, Үндэсний төв цэнгэлдэх/
Шигшээ тоглолт: 1900 евро /Рио де Жанейро, Маракана цэнгэлдэх/

Хамгийн олон тасалбар захиалсан улсууд: 

Бразил – 4,368,029
АНУ – 374,065
Аргентин – 266,937
Герман – 134,899
Чили – 102,288
Англи – 96,780
Австрали – 88,082
Япон – 69,806
Колумб – 55,379
Канад – 49,968

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж