Цуутай Хоролмаагийн төрсөн өдрөөр “Учиртай гурван толгой” дуурьтай

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Цуутай Хоролмаагийн төрсөн өдрөөр “Учиртай гурван толгой” дуурьтай

Монгол Улсын гавьяат жүжигчин В.Сүрэнхорлоогийн амьдрал уран бүтээлийн 50 гаруй жилийн түүх нь тайзны урлагтай салшгүй холбоотой. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрээр олонд танигдсан В.Сүрэнхорлоогийн 90 насны ойд зориулан энэ сарын 16-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт “Учиртай гурван толгой” дуурийг тоглохоор болжээ.
“Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг 1942 онд дуурь болгон шинэчилсэн бөгөөд Юндэнд А.Цэрэндэндэв, Нансалмаад Ө.Эрэнцэнноров, Хоролмаад В.Сүрэнхорлоо нар дуулж жүжиглэжээ.
В.Сүрэнхорлоо Хоролмаагийн дүрийг бүтээхдээ нарийн судалгаа хийж, дуу хоолой намбалаг төрх, ширүүн бөгөөд сэргэлэн харц, ганган Хоролмааг бүтээж энэ дүрээ 20 гаруй жил олон зуун удаа тогложээ. Сүрэнхорлоо 1944-1959 онуудад Хоролмаад дагнаж тоглохдоо 10 гаруй Юндэнтэй хамтарчээ.
В.Сүрэнхорлоо М.Найдалмаа, Б.Цэцгээ нарыг сургаж, Хоролмаагийн дүрийг өвлүүлж үлдээсэн цуутай Хоролмаануудыг нэг юм. Гурван бүлэг, таван үзэгдэлт “Учиртай гурван толгой” дуурийг энэ удаад удирдаач Н.Туулайхүү удирдан сифони найрал хөгжимчид тоглож, гол дүр Нансалмаад меццо сопрано-Ардын жүжигчин А.Долгор, Хоролмаад сопрано гавьяат жүжигчин Б.Цэцгээ, Балганд басс Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, худалдаачин баритон-Ц.Баттөр, дууч-Уртын дууч Б.Батболд, Хуурч Ц.Мөнхболд, Бүүвэйч меццо сопрано-Ц.Ерөө, Ард өвгөн баритон-М.Амарсанаа, Замын тосуул басс, тенор-Р.Батболд, Г.Шижирболд, согтуу ноён басс-Ч.Чинзориг, Балганы дагуул А.Сайнбаяр, Э.Амартүвшин, Ч.Чинзориг, Э.Бумхүү, Г.Шижирболд, Б.Алтанхуяг, Хятад Б.Одонтунгалаг, З.Тунгалаг, Юндэнгийн дагуул Д.Баасанжаргал, Э.Мөнх-Эрдэнэ нар тус, тус тоглох юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж