Итали Газар дундын тэнгист эргүүл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Итали Газар дундын тэнгист эргүүл гаргажээ

Европыг чиглэсэн Хойд Африк, Ойрхи-Дорнодын цагаачдын урсгал нэмэгдэхийн хэрээр тэдний зорчиж яваа хөлөг онгоц Газар дундын тэнгист осолдож амиа алдах явдал улам ихсэх болсон билээ.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн баасан гаригт Малта улс болон Италийн Лампедуза арлын хооронд цагаачдын усан онгоц живж осолдсоноос 33 хүн амь үрэгдсэн хэрэг гарсан байна. Үүнээс долоо хоногийн өмнө мөн л Италийн Лампедуза арлын ойролцоо Африкийн 500 цагаач иргэний сууж явсан хөлөг онгоцонд гал гарч, живсний улмаас 350 гаруй хүн амь үрэгдсэн аймшигт осол гарсан юм. Энэ бүхний эцэст Италийн Засгийн газраас Газар дундын тэнгист агаар болон тэнгисийн цэргийн эргүүл гаргаж ажиллуулахаар болсон байна. Италийн Ерөнхий сайд Энрико Леттагийн мэдэгдсэнээр агаар болон тэнгисийн цэргийн эргүүл нь өнөөдөр буюу даваа гаригаас эхлэн Сицили арлын өмнөд хэсгээр үүрэг гүйцэтгэж эхэлсэн аж. Италийн Засгийн газар Газар дундын тэнгист эргүүл, хамгаалалт гаргаснаар тус улсыг зорих цагаачдын урсгалыг сааруулж, үүнийгээ дагаад осол эндэгдлийн тоог ч бууруулахыг зорьж байгаа юм байна.

Өмнө нь Итали улсын зүгээс Европын холбоонд хандан жил бүр далайгаар дамжин тус улсыг зорьж ирж буй Африк, Ойрхи-Дорнодын цагаачдын урсгалыг сааруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч байжээ.

НҮБ-ын судалгаагаар энэ 2013 он гарсаар Итали болон Малта улсад 32 мянган цагаач ирэн хөл тавьсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж