ГШХО-ын 32 хувийг Хятад улс эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

ГШХО-ын 32 хувийг Хятад улс эзэлж байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Хятад улс нь манай улсын эдийн засаг, худалдааны хамгийн том харилцагч юм. Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятад улс тэргүүлж байна.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2012 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын мэдээг гаргасан байна. 1990 оноос хойш Монгол улсад нийт 112 улсаас 11,5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт оржээ. Хамгийн их хөрөнгө оруулалтыг Хятад улс хийсэн байна. Нийт хөрөнгө оруулалтын 31,7 хувь буюу 3тэрбум 650 сая доллар нь БНХАУ-ын хөрөнгө оруулалт юм. Тус улсаас 2011 онд хамгийн их буюу нэг тэрбум долларын ГШХО орж ирж байжээ. Харин өнгөрсөн оны эхний хагас жилд 167 сая долларын хөрөнгө оруулалтыг Монгол улсад хийсэн байна.

БНХАУ-ын дараа Нидерланд улсын ГШХО 23,1 хувь буюу хоёр тэрбум 667 сая доллар байна. 2011 онд тус улсаас нийт 1,8 тэрбум долларын ГШХО орж ирсэн нь хамгийн ихэд тооцогдож байна. Өнгөрсөн жилийн эхний хагас жилд Нидерландаас 556 сая долларын ГШХО орж иржээ. Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Люксембург улс гуравдугаарт орж байгаа бөгөөд нийт ГШХО-ын 9 хувь буюу нэг тэрбум долларыг эзэлж байна. 2012 оны эхний хагас жилд тус улсаас 525 сая долларын хөрөнгө оруулалт оржээ.

Монгол улсад орсон нийт ГШХО-н 63,8 хувийг дээрх гурван улсын хөрөнгө оруулалт эзэлж байна. Манай улсад бүртгэлтэй ГШХО-тай 12118 компани байдаг байна. Үүний бараг тал нь буюу 5951 нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани. Үүний дараа БНСУ-ын хөрөнгө оруулалттай 2153, ОХУ-ын хөрөнгө оруулалттай 817 компани бүртгэгджээ. Харин Нидерландын 53, Люксембургийн 22 компани 1990 оноос хойш бүртгэгдэж байжээ. 

11,5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг салбараар нь ангилж үзвэл 73 хувь нь буюу 8,5 тэрбум нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт орсон байна. Харин 16,3 хувь буюу 1,8 тэрбум нь худалдаа, нийтийн хоолны салбарт орсон байна. Геологи уул уурхайн салбарыг тусад нь салгаж авч үзвэл 1990-2004 онд 493,9 сая долларын гадаадын хөрөнгө оруулалт орж байсан бол 2004 оноос хойш найман тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт уг салбарт оржээ. 2011 онд хамгийн их буюу дөрвөн тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь тухайн жилийн нийт ГШХО-ын 81 хувь болж байгаа юм. Харин 2012 оны эхний хагас жилийн байдлаар 1,688 сая долларын ГШХО орсноос 1,270 сая нь уг салбарт орсон байна.

Г.Идэрхангай

ww.mongolianminingjournal.com
www.journalism.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж