Хамгийн сүүлд гэхэд л гуравхан настай хүүхдийнхээ толгойг заазуураар тасалсан хэрцгий хэрэг Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан талаар хэвлэл мэдээллийнхэн шуугиж байна. Ер нь тухайн хэргийн талаар үйлдэл бүхнийг нэгд нэгэнгүй тоочих болжээ.
Энэ бүх хэргийн тоолонгоор ухамсар дорой нөхдүүд харгис, хэрцгийжин санал сэдэл авч улам аймшигтай, “Хөрөө” кино шиг хүн араатан болон хувирч байна.
Хүчирхийллээс хүчирхийллийн хооронд хүүхэд насаа үдсэн ирээдүйнхэн хүнийг хайрлан энхрийлэхийг сурах бус үзэн ядалт, өс хонзонгоор өвч зэвсэглэн зэрлэгшин өндийж байна. Үр дүнд нь төрмөгцөө эхээ барьж ирддэг аалз шиг өс зангидан өссөн залуус эргээд эцэг, эхээ хороосон тохиолдлыг ч бид хараад л сууж байна.
Үүнд хэвлэл мэдээллийнхэн ч буруутай. Сэтгүүл зүйн “А” үсэг ч заалгаагүй хэрнээ сэтгүүлч нэр зүүчихсэн этгээдүүд аллага, таллагын үйлдэлийг нь “ба бэ”-гүй бичсээр байгаа нь ухамсар дорой нөхдүүдэд гарын авлага болсоор байгаа ч тохиолдол бий. Амиддаа хүүгээрээ мал муулуулахгүй гэдэг монголчуудын хүү нь эцгээ, эцэг нь охиноо, ээж нь хүүгээ хүчирхийлж, хөнөөж болжээ.
Муу, муухайгаар сэтгэлээ булингартуулахгүй гэхдээ харц буруулдаг монголчууд интернэтээр хэрэн хэсч, завхай зайдан, аллага тэнэглэлийг үзсээр эцэс сүүлдээ харснаа бодит амьдралд хэрэгжүүлдэг болчихож. Бид иргэдийнхээ ухамсрыг дээшлүүлж чадахгүй юм гэхэд хуулиа үүний эсрэг чиглүүлэх цаг болжээ. Гэрийн бурхан гэгддэг хүүхдүүд маань хохирогч болсоор байна. Ирээдүйн баталгаа болсон хойч үеэ хамгаалахын тулд бид эрхийг хамгаалах талаар энэ чиглэлийн хуулиуддаа тусгах нь зайлшгүй өнөө цагийн шаардлага болчихож. Хүүхдээ зоддог, зовоодог эцэг, эхчүүдийн аав, ээж байх эрхийг нь хасдаг болвол яасан юм бэ. Үйлдэл бүхнийг нь дагаад байдаг тэр гадаадад чинь үр, хүүхдээ хайрлаж чадахгүй бол эцэг, эх байх эрхийг хасдаг биз дээ.
Хайрлаж чадахгүй бол аав, ээж байхыг нь хориглочихъё л доо. Хэдий болтол алгын чинээ балчир үрс маань гэмт хэрэг, хүчирхийлэл, харгислалын хохирогч болох вэ?!