Дандаа дуучдын ард, дууныхаа ард “нуугдаж” байдаг гитарчин Өөжгий ойрд маш завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Арваннэгдүгээр сарын 1, 2-нд тоглолтоо хийхээр зарласан тэрээр өнгөрсөн долоо хоногт сурталчилгааныхаа зураг авалтыг хийж дуусгажээ.
“Никитон” хамтлагтаа зориулж буй гэх энэ тоглолт рок попынхны нүсэр цугларалт болохын дээр тэр бүр олны өмнө ил гардаггүй “Никитон”-ыг фэнүүдэд нь барьж өгөх бололтой. Өөжгий хамтлагтаа зориулж, бас шинэ тоглолтоо мялааж "Чи над шиг дурлаж чадах уу” гэх шинэ дуу бичүүлжээ. “Никитон”-ыхон уг дууны бичлэгээ хэд хоногийн өмнө эхлүүлж, оркестрын найруулга зэрэг гол ажлуудаа нугалаад байгаа гэнэ.
“Үнэнч сэтгэл” гэж хамгийн анхны дуугаа 1986 онд бичүүлж байсан Өөжгий түүнээс хойш “Чи минь”, “Хайрын бурхан”, “Хайрласан сэтгэл”, “Дурлаж бичсэн шүлэг”, Хайртай”… гээд хэчнээн сайхан аялгуу, хөг эгшгийг туурвиа вэ?
Б.ИРМҮҮН