Африкийн холбоо Кениатаг өмгөөлөв

Хуучирсан мэдээ: 2013.10.14-нд нийтлэгдсэн

Африкийн холбоо Кениатаг өмгөөлөв

Этиоп улсад болж өнгөрсөн Африкийн холбооны орнуудын чуулга уулзалтын үеэр Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата ирэх арваннэгдүгээр сард Олон улсын гэмт хэргийн шүүхэд дуудагдах болсон талаар авч хэлэлцжээ. Үүний үр дүнд Африкийн холбооны орнуудын зүгээс олон улсын гэмт хэргийн шүүхэд хандан Кенийн Ерөнхийлөгчийг буруутгаж буй хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хурлыг цуцлахыг шаардсан байна. Шаардлагыг Африкийн холбооны 54 гишүүн орны 44 нь санал нэгтэй дэмжиж буйгаа илэрхийлжээ. Олон улсын гэмт хэргийн шүүхэд Кениэс гадна Судан улсын төрийн тэргүүн хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт буруутгагдан дуудагдаад байгаа аж. Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата болон түүний орлогч Уильям Руто нар өнгөрсөн 2007 оны сонгуулийн үеэр гарсан үймээн самуун, хүчирхийллийг зохион байгуулсан хэрэгт буруутгагджээ. Харин Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширын хувьд Дарфурын бүс нутагт болж буй зөрчил мөргөлдөөний улмаас дайны гэмт хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Африкийн холбооны зүгээс Кенид хандан олон улсын гэмт хэргийн шүүх Ерөнхийлөгч Кениатаг буруутгаж буй хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд захидал илгээхийг зөвлөсөн байна. Мөн дээрх хэргээс үүдэн Африкийн холбооны чуулга уулзалтын үеэр гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн халдашгүй эрхийг сэргээх асуудлыг авч хэлэлцсэн байна.
 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж