Өнөөдөр ”Ми-8” Осолдсон өдөр, шадар сайд аа

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Өнөөдөр ”Ми-8” Осолдсон өдөр, шадар сайд аа

Энэ өдрүүдэд дэлхий нийт хөлбөмбөгөөр амьсгалж байна. Эрхэм шадар сайд та ч дэмжиж байгаа багийнхаа төлөө “Ура” хашгирч, ширээ цохин сэтгэл догдлон сууж ядан байгаа гэдэгт итгэл­тэй байна. Таны сэт­гэлийн хөөрлийг тань хар дурсамжаар сэдрээх хэрэгтэй боллоо. МИ-8 осолдсон өдрийг санаж байна уу, Шадар сайд аа. Таны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг Онцгой байд­лын ерөнхий газрын 15 дайчин амиа алдсан өдрөөс хойш яг гурван жил өнгөрчээ. 2007 оны зургадугаар сарын 14. Тухайн үед та Ерөнхий сайд байж, амь алдсан 15 ав­рагчийн нэрийг ар гэрийнхэнд нь, монголчуудад дуулгасан. Тэр үед Төрийн туг бөхийн, “МИ-8”-ийн ослоор амиа алдсан 15 хүүгийнхээ араас ард түмэн гашуудаж байлаа. Сайд, дарга нар тэр өдрийг санахгүй байхыг хичээж байж магадгүй. Харин  ард түмэн   эх орныхоо төлөө хайрлаагүй амийг мартахгүй. Тиймээс Тавантолгой, хүүхдийн мөнгө, хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэргийг түр мартаж, “МИ-8”-ийн ослыг  нэхэн сануулъя.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гурван жилийн өмнө ойн түймэр гарсан юм. Иймээс шүхэрчин, гал сөнөөгч зэрэг аврагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод буулгах тушаалыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр зургадугаар сарын 13-нд өгчээ. Эх орныхоо төлөө амь хайрлахгүй гэдгээ тангаргалсан 22 аврагч даалгаврыг гүйцэтгэхээр аав ээж, хань ижил, үр хүүхдээ орхиод үүрэгт албандаа мордсон. Өөр газарт түймэр унтрааж байгаад ирсэн шөнөдөө тушаал авсан залуу өглөө гэрээсээ гарахдаа “Бороо орж байна. Агаар муу болохоор нисэхгүй байх. Хань нь иргээд ирнэ. Сайхан цай чанаад хүлээж байгаарай” гээд унтаж байгаа хүүгээ үнсэлгүй яарч одсон гэдэг. Тэр өдөр агаар муу, бороотой байсан учраас олон улсын болон дотоодын нислэг үйлдээгүй гэж мэдээлж байжээ. Харин ажилтан, аврагчдаа ямар үед хаашаа, хэрхэн илгээх вэ гэдгээ сайд, дарга нар нь тооцоогүй хэрэг.


Аврагчид хамгийн сүүлд Ерөөгийн халуун ра­шаа­наас мэдээ өгөөд сураг тасарчээ.  Өндөр ууланд битүү суусан будан, уулын оройг хаасан үүлний улмаас алсын бараа харагдахгүй орчинд тушаалд ээрэгдсэн аврагчид туршлагатай нис­гэгчийн хүчээр зургаан цаг тэн­гэрт үхэлтэй тэмцсэн гэ­дэг. “Улаанбаатараас хөөр­сөн нисдэг тэрэг Мандал сумын нутаг Хонин нуга, Шардан голын чиглэлд ни­сэх үедээ ил харааны нис­лэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тул­гарч, хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эр­гэлт хийх явцад орон зайн баримжаа алдагдаж ургаа мод мөргөж осол гаргасан” гэж  дараа нь МИ-8 нисдэг тэрэгний ослын шалтгааныг шалгасан техникийн комис­сын дүг­нэлтэд дурьдсан байв. Осол ингэж болжээ. Ха­рин  тэнгэрийн муухайд ту­шаалыг нь гүйцэтгэхээр  явсан дайчдын нисдэг тэрэг осолдсон талаар асуудал эрхэлсэн сайд нь ч, Засгийн газрын тэргүүн нь ч мэдэлгүй цаг алдсан талаар мэдээлж байсан. Аврагчдын ар гэрийнхэн цээжний махаа тасартал хүлээж суусан цаг, сайд нар У.Хүрэлсүхийн төр­сөн өдөрт  уригдан наргиж бай­сан үетэй давхацдагийг сануу­ла­хад илүүдэхгүй болов уу. 

Түймэр унтраах баг явс­наас хойш гурав хоногийн дараа аврагчдын аав ээж, хань ижил, үр хүүхэд сураг хүлээн Онцгой байдлын ерөнхий газарт цугласан байлаа. Хүүхдүүд “Аав одоо ирэх гээд бид хүлээж байгаа юм уу” гэж цээжиндээ түгшүүр, нүдэндээ нулимстай зогсоо ээжээсээ шалгаана. Эрлийн ба­гийнхан онгоц унасан газрыг тогтоосон тухай мэ­дээлэл хийх үед “Тэгээд ав­рагчид амьд юм уу. Үнэнийг яагаад нуугаад байгаа юм бэ” гэж уйлалдаж байсан юм. Тухайн үед асуултын ха­риуг хэн ч өгч чадаагүй. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд амь алдсан дайчдын нэрийг уншихад танхим уй гашуу, уйлаанаар дүүрч, зарим нь ухаан балартан байсан. Энэ мэдээг телевизийн дэлгэц, сонины хуудаснаас харсан ард түмэн “Даанч дээ” гэж харуусч байв.

Түүнээс хойш гэрийн эзний аягатай цай өглөө бүр зөөгөрч, хүү ааваараа үнсүүлэлгүй гурван жил гомдолтой сэрж байна. Сураглалаа, ар гэрийнхэн нь хэр явдаг бол гэж. Тэд онцгойгийнхондоо “Бид­нийг тэнд энд явна гэж хэвлэлийнхэнд дуул­гаад хэрэггүй биз дээ. Та­лийгаачдынхаа хойноос зар­га хийгээд, үнэнийг хай­гаад хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр үгээ хэлээд явахаар “мөнгө салгах гэж шуналтаж бай­на” гэж муучлах нэгэн байх юм. Хэвлэлд бичүүллээ, амьдралаа ярилаа гээд хүүхдүүдийнхээ сэтгэлийг эмзэглүүлэхээс хэтрэхгүй. Тэртэй тэргүй хариуцлага хүлээх учиртай албан ту­шаалтнууд нь гэмгүй үл­дэж, зарим нь төрийн өндөр албан тушаалд суучихсан. Ер нь бид­ний үгийг хэн тоох вэ” гэж учирласан гэнэ. Тиймээс та­лийгаачдын ажлынхан ар гэрийнхнийх нь сургийг гар­гах гэж хүчлэхгүй байгаа аж. Хохирогчид эхний жилүүдэд үнэнийг эрж тэвэр дүүрэн цаас цуглуулж, дарга сэтэртэй болгоны  хаалга са­хиж өнгөрөөсөн. Ханиасаа хойш амьдралаа ганцаараа авч явахын тулд зүтгэж яваа турьхан бүсгүй “Охины минь их сургуулийн сургалтын төлбөрөөс чөлөөлөөд өгөөч” гэж Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдаас гуйгаад хөөгдөөд гарснаа сэтгүүлчид нулимс дуслуулан ярьсан нь сонины хуудсанд үлджээ. Бас “Миний ээж хүүдээ нэгж хайрлаач” гэсэн мессежийг ээждээ үлдээгээд одсон ав­рагч хүүгийнхээ тухай ээж нь дурсахдаа ачийгаа сав л хийвэл онгоц зурдаг болс­ныг сэтгэл эмтэртэл ярьсан байдаг. Тэд ослоос нэг жилийн дараа үнэнийг заавал олно, буруутай  эт­гээдэд хариуцлага тооцуулна гэсэн итгэлтэй байж. Одоо харин цөхөрсөн бололтой. Гэхдээ 15 хүний амийг авч одсон “МИ-8”-ийн гэх хэргийг хаалгаж, хааж дөнгөсөн эрх мэдэлтнүүдийн өмнө до­рой харагдахгүй  гэж хичээж, зүтгэж байгаа нь то­дорхой байна. “Насан урт наран миний аав” сэт­гэлийн хүүрнэл номыг 18 нас­тай охин нулимстай га­раараа бичиж, хэвлүүлсэн. Ха­нийхаа дурсгалд зориулж бүтээсэн “Хайрлаагүй амь” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагууллаа. Хамт олон хөшөө босгож, цэцэрлэг тохижуулжээ. Энэ мэт  үл­дэг­сэд нь нулимсаа залгиж, талийгаачдынхаа хойчийн буянд олон сайныг хийжээ.

Шадар сайд та, эрхэм тү­шээд эх орныхоо 15 хүүгийн төлөө, ард үлдсэнийх нь төлөө юу хийв гэж иргэд асууж байна. Байр өгсөн гэж хариулах нь уу. Байрны оронд тухайн үеийн ханшаар тооцож ар гэрийнхэнд нь тус бүр 19.5 сая төгрөг өгсөн гэнэ лээ. Бас Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийг гээж “МИ-8”-ын хэргийг хариуцах эзэнгүй болгосон.

Хэн буруутай нь тодор­хойгүй ч “МИ-8”-ийн осол гэ­хээсээ илүү “МИ-8”-ийн хэрэг гэж иргэд ярьдаг. “МИ-8”-ийн хэрэг гарснаас гурван жилийн дараа Шадар сайд та тэнгэрийн оронд заларсан аврагчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, зулын гэрэлд инээмсэглэж буй гэгээн дүрд нь бөхийнө гэж найднам.

Б.Цэцэгдэлгэр. Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж