Ерөнхийлөгч “Супер цом”-ын тэмцээн үзлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Супер цом”-ын тэмцээн үзлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ Цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр болсон “Супер цом 2013” хөлбөмбөгийн тэмцээнийг үзлээ



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Хөлбөмбөгийн Холбооны /МХБХ/ энэ оны улирлын сүүлчийн тоглолт болох “Супер цом 2013”-ыг өнөөдөр ирж сонирхов. Уг тоглолт нь МХБХ-ны шинэ Цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр болсон гэдгээрээ онцлог юм. 

МХБХ нь 2001 оноос эхлэн Дэлхийн Хөлбөмбөгийн холбоотой хамтран “Гоол” хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг хэрэгжүүлсний нэг нь 5000 хүний суудалтай хөлбөмбөгийн Цэнгэлдэх хүрээлэн юм. Шинэ Цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагаанд зориулж өсвөрийн хөлбөмбөгчид үзүүлэх тоглолт, залуучууд бүжгийн үзүүлбэр үзүүллээ.
 
Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр болсон гол арга хэмжээ болох МХБХ-ны “Супер цом 2013”-ын төлөөх хөлбөмбөгийн тэмцээн Дулааны 4-р Цахилгаан станцын “Эрчим” клуб, Орхон аймгийн Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубуудын хооронд боллоо. Уг тоглолтод Дулааны 4-р Цахилгаан станцын “Эрчим” клуб 2:1 онооны харьцаатай яллаа.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг тоглолтыг өөрийн биеэр ирж сонирхож буй нь Монголын хөлбөмбөгийн спортод өндөр ач холбогдол өгч, хөлбөмбөгийн спортын хөгжлийг үндэсний хэмжээнд дэмждэгийн илэрхийлэл юм.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж