М.Одгэрэл домогт Зоя Голубеваг хожлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.13-нд нийтлэгдсэн

М.Одгэрэл домогт Зоя Голубеваг хожлоо

Монгол Улсад анх удаа болж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг үлдлээ.

 “Пума империал” зочид буудалд болж буй 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 13-р өрөгт тус тэмцээний хамгийн залуу оролцогч, спортын дэд мастер М.Одгэрэл Латвийн Зоя Голубеваг хожлоо. 12 өргийн дараах байдлаар 18 оноотой тэмцээнийг тэргүүлж байсан дэлхийн 12 удаагийн аварга, домогт Латвийн Зоя Голубева спортын дэд мастер М.Одгэрэлд ялагдсан ч тэргүүлэгчийн байраа алдсангүй.

Зохион байгуулагч орны хувьд гурван оролцогч оролцох давуу эрхийн дагуу өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэлийн хувьд Зоя Голубеваг хожсоноор дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хожлоо авлаа.

Энэ өдөр дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын их мастер Тамар Тансыккужина олон улсын их мастер Э.Мандахнаранг хожиж, Украйны Дарья Ткаченко ОХУ-ын Матрена Ноговицынатай тэнцээ хийснээр 17 оноотой хоёр, гуравдугаар байрт бичигдэж байна.

13 өргийн дараах байдлаар олон улсын их мастер Э.Мандахнаран 12 оноотой XI, олон улсын их мастер М.Нямжаргал найман оноотой XIV, спортын дэд мастер М.Одгэрэл зургаан оноотой XV байрт бичигдэж байна.

Тэмцээний 14-р өрөг маргааш, сүүлийн өрөг нөгөөдөр болж, 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд тодорно. Тоглолтын бичлэгийг http://ulaanbaatar2013.com сайтнаас үзнэ үү.

Сануулахад, Үндсэн тоглолтоос гадна рапид /15 мин+нүүдэл бүрт 3 сек-ийн бонус/, блиц /5 мин+3сек/ тоглолтын дэлхийн аварга цолтнууд тодорсон юм. Энэ сарын 2-нд болсон рапид тоглолтод олон улсын их мастер, Украйны Дарья Ткаченко тэргүүлж, мөн улсын олон улсын мастер Виктория Мотричко, олон улсын мастер Польшийн Наталья Садовска нар мөнгө, хүрэл медаль хүртсэн. Харин тэмцээний хоёр дахь өдөр /10.03/ болсон блиц төрөлд олон улсын их мастер ОХУ-ын Матрена Ноговицына 14 оноогоор аваргалж, Украйны Виктория Мотричко, Дарья Ткаченко нар удаалсан.  

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж