Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.12-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2013.10.12-ны өдөр/ болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Айлчлалын үеэр баримтлах удирдамжийг батлуулахаар тогтов

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйг 2013 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол талаас баримтлах удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо. Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкиндын 1996 онд Монгол Улсад хийсэн айчлалаас хойш 17 жилийн дараа хэрэгжих айлчлал бөгөөд Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход ачилтын өмнөх хяналт, шалгалт хийх журам баталлаа

Зээл тусламжаар авах болон өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход ачилтын өмнөх хяналт, шалгалт хийх журмыг хэлэлцэн, баталлаа. Энэхүү журам нь 7 зүйл, 23 заалтаас бүрдэх бөгөөд өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлоход тавигдах шаардлага, мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын ачилтын өмнөх хяналт шалгалт хийх болон импортлогч хуулийн этгээдийн эрх, үүрэг, олон улсын тээвэр зууч, тээврийн байгууллагын эрх үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тусгажээ.

Өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвхөн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, эсхүл Монгол Улстай ариун цэвэр, хорио цээрийн нөхцөл урьдчилан тохирсон импортлогч улсаас импортолно. Тухайн бүтээгдэхүүний биологи, хими, физикийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь олон улсын болон Монгол Улсын стандартын үзүүлэлтээс хэтрээгүй байна. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад гадаадын зээл тусламжаар авах болон өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн импортлох үед хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах, эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн
сургалтын эмнэлэг байгуулна

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль манай улсын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 95 хувийг бэлтгэн гаргадаг ч сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэгтэй байгаагүй нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагатай нийцэхгүй байна. Тиймээс тус сургуульд түшиглэсэн сургалтын эмнэлэг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харъяанд сургалтын эмнэлэг байгуулах ажлыг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт, энэ ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт тус тус даалгалаа. Орчин үеийн стандартад нийцсэн их сургуулийн сургалтын эмнэлэгт мэргэшсэн эрдэмтэн багш нар ажиллахаас гадна эмнэлзүйн сургалтын орчинг сайжруулах, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын эмнэлэгт суурилан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг тасралтгүй дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой гэж тооцоолж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

ТОВЧХОН:

  • Итали Улсад 2015 онд зохион байгуулагдах “Экспо 2015-Милан” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс оролцох нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсыг оролцуулах ажлын Ерөнхий зохицуулагчаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг томилохоор тогтлоо.
  • 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
  • Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах Засгийн газрын “11 11 төв” байгуулагдсаны нэг жилийн ажлын явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг танилцуулж, тус төвд ирүүлсэн иргэдийн санал хүсэлтийг бодитой эцэслэн шийдвэрлэх талаар анхаарч ажиллаж, шийдвэрийг иргэдэд цаг хугацаанд нь мэдэгдэж, хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
  • Нээлттэй Засгийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслийг хэлэлцээд, Олон Улсын Нээлттэй Засгийн түншлэлийн дээд хэмжээний хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.
  • “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Цаашид уг асуудалтай холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харлцааны сайд Л.Болдод даалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж