“Залуу дугуйчин” клубынхэн 300 мод тарина

Хуучирсан мэдээ: 2013.10.12-нд нийтлэгдсэн

“Залуу дугуйчин” клубынхэн 300 мод тарина

Өнөөдөр “Бүх нийтээрээ мод тарих өдөр” тохиож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсны дагуу нийслэлийн хэмжээнд мод тарих ажил идэвхитэй өрнөж байна.

Уг аяны хүрээнд өнөөдөр Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд, дэд сайд нар Чингэлтэй уулын Шадивлангийн аманд мод тарьж байгаа юм.

Харин эл өдрийн хүрээнд маргааш Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб мод тарих аяныг зохион байгуулах гэж байна. Уг клубийнхэн маргааш 10.00 цагт Монголын залуучуудын холбооны байрны урдаас дугуйн парадаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих аж. Уг парадад 200 залуу оролцохоор мэдэгдээд байгаа бөгөөд мод тарих аянд нэгдэхийг хүссэн хэн бүхний өмнө нээллтэй гэдгийг зохион байгуулагчид дуулгасан юм. Маргааш мод тарих өдрийн хүрээнд “Залуу дугуйчин” клубынхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 300 мод суулгах нь ээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж