Химийнхэн Нобель хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.12-нд нийтлэгдсэн

Химийнхэн Нобель хүртлээ

Нобелийн энх тайвны шагналыг Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагад олгосон тухайгаа Нобелийн хороо баасан гаригт зарлав. Одоо тус байгууллагын шинжээчид Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагааны хяналтыг гүйцэтгэж байгаа юм. 


Гаага хот дахь OPCW-ийн төв байр

Аравдугаар сарын 14-ний даваа гаригт Сири улс  Химийн зэвсгийг хориглох байгууллагын (ОPCW) 190 дэх гишүүн болно. Сирийн ерөнхийлөгч Башар Ассад олон улсын хамтын нийгэмлэгийн шахалтаар өөрийн химийн зэвсгийн нөөцөө устгахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байгаа. Харин химийн зэвсгийг устгах  ажиллагааны хяналтыг ОPCW-гийн шинжээчид хийж байна.

НҮБ-ын сүүдэрт

Химийн зэвсгийг хориглох тухай Конвенцийн нөхцөлийг сахиулахаар Химийн зэвсгийг устгах  ажиллагаа хариуцсан байгууллага (ОPCW) –ыг 1997 онд байгуулжээ. Тус байгууллагын 125 шинжээчийн үүрэгт шалгалт хяналтын ажил ордог ба тэдний ажлын тайланг НҮБ тавьдаг байна. “Нэгдсэн Үндэстний байгууллага бол манай цорын ганц захиалагч юм. Манай бүх тайлан НҮБ-ын мэдэлд байдаг” гэж ОPCW-гийн албан ёсны төлөөлөгч Майкл Лухан мэдэгджээ.


Ахмет Узюмжю

Тиймээс ч Химийн зэвсгийг хориглох байгууллагын үйл ажиллагаа олон түмэнд төдийлөн нээлттэй биш юм. Мөн тэр хэмжээгээр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмет Узюмжю олонд тийм ч танил биш нэгэн. Ахмет Узюмжю Туркийн иргэн бөгөөд 2010 оноос ОPCW –г удирдаж байгаа юм. Узюмжю Сирийн амьдрал, тэнд өрнөөд буй нөхцөл байдлын талаар сайн мэдэх ба өдгөө иргэний дайнд автаад байгаа Алеппо хотод Туркийн Ерөнхий консулаар 1982-1984 онд ажиллаж байжээ.

Халуун цэгт

Өдгөө иргэний дайн үргэлжилж буй Сири улсад ОPCW-гийн  27 ажиглагч ажиллаж байна. Тэд цэргийн агуулахуудад  байгаа химийн зэвсгийн тооллогыг эхлээд явуулж, дараа нь түүнийг устгах ажиллагааг хянах үүрэгтэй юм. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Ассадын мэдэлд 1000 тонн химийн зэвсэг байгаа аж. Шинжээчдийн хувьд  Сирид ажиллаж байгаа нь цоо шинэ шалгуур болж байгаа аж. Учир нь тэд өмнө нь  хэзээ ч дайны нөхцөлд ажиллаж байгаагүй, хордуулагч хий хэрэглэсэн ийм өргөн цар хүрээтэй ажиллагааг явуулж байгаагүй ажээ.

Устгахад үйлдвэрлэхээс 10 дахин илүү зардал гаргадаг

ОPCW-гийн албан ёсны төлөөлөгч Майкл Луханы хэлснээр, дэлхийн химийн зэвсгийн бүх нөөцийн 80 хувийг устгасан байгаа аж. Энэ мэдээллийг нь НҮБ ба ОPCW зэрэг  олон улсын байгууллагуудад  олон жил зөвлөхөөр ажилласан хими, биологийн зэвсгийг хураах салбарын нэрт мэргэжилтэн Ральф Трапп (Ralf Trapp) баталж байна. Гэхдээ тэд анх төлөвлөсний дагуу дэлхий ертөнцийг химийн зэвсгээс чөлөөлж чадаагүй л байна. Зарим орнууд, тухайлбал: ОХУ, АНУ эл үүргийг биелүүлэх ажиллагааг удаашруулж байгаа гэж дүгнэжээ. Эдгээр орнууд хордуулах, хөнөөх бодисны их хэмжээний нөөцтэй бөгөөд ОPCW-гийн мэдээлснээр Оросын химийн зэвсгийн нөөц 40000 тонн болж байсан аж. Харин одоо түүний дөрөвний гурван хувийг устгаад байгаа бол АНУ-д 30000 тонн хордуулагч байсны бараг 90 хувийг нь устгаж чаджээ.


ОPCW-гийн шалгагчид Дамаскт

"Химийн зэвсгийг устгах нь үйлдвэрлэлээс нь 10 дахин илүү зарлагатай.  Энэ асар их хэмжээний хордуулагч бодисыг хүн амьтан, байгаль орчинд хор хөнөөлгүйгээр устгах нь тийм ч энгийн зүйл биш аж. Үүнийг төгс хийхэд их цаг, их хөрөнгө оруулалт хэрэгтэй. ОPCW нь цаашид энэ үйл ажиллагааг хянах болно” хэмээн ОPCW-ын мэргэжилтэн Трапп тайлбарлажээ.

Химийн зэвсгийг хориглох тухай Конвенци нь ийм төрлийн зэвсгийг бүтээх, бэлтгэх, хадгалах мөн бусдад дамжуулах болон хэрэглэхэд хориг тавсан байгаа. Өнөөдөр конвенцид НҮБ-ын бараг бүх гишүүн орнууд нэгдээд байна. Харин Ангола, Египет, Хойд Солонгос, Өмнөд Судан конвенцид гарын үсгээ зураагүй, Израиль, Бирм (Мьянма) түүнийг батлаагүй байгаа. Конвенцид нэгдсэн бүх орнууд энэ талын цэргийн байгууламжууддаа ОPCW-гийн шинжээчдийг оруулах ёстой бөгөөд мөн тэд тус байгууллагын ажиллагааг санхүүжүүлэх ёстой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж