Геологи, уул уурхайн салбарт шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Геологи, уул уурхайн салбарт шалгалт хийжээ

Геологи, уул уурхайн хайгуул, олборлолтыг сүүлийн таван жилд эрчимжүүлснээр газрын эвдрэл хэрээс хэтэрч, техникийн болон биологийн нөхөн сэргээлт зайлшгүй шаардлагатай болсон. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эвдэрсэн газрын хэмжээ 18125 га, техникийн нөхөн сэргээлт 8496 га, биологийн нөхөн сэргээлт 44308 га болж өссөн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийх явцад тогтоосон байна. Ингэхдээ геологи, хайгуул, баяжуулах үйлдвэр, бичил уурхайн болон уурхайн хаалтын чиглэлээр хяналт, шалгалтыг хийжээ.

Энэ онд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр төлөвлөжээ. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 23-ныг хүртэл хийсэн шалгалтаар Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт геологи хайгуул, уурхайн хаалт, эрдсийн боловсруулалт, бичил уурхайн чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг хамруулсан байна.

Геологи, хайгуулын чиглэлээр шалгалт хийх явцад компаниудын дийлэнх нь зардал хэмнэх зорилгоор зураглал, судалгааны ажлыг иж бүрэн хийдэггүй, ашигт малтмалын нөөцийг бодитой тогтоогоогүйн улмаас ашиглалтын явцад нөөц зөрөх тохиолдол цөөнгүй гарч байгааг илрүүлжээ. Мөн хайгуулынхаа талбай дээр зөвшөөрөлгүй “кемп” байгуулсан, хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын өмнөх гэрээ байгуулж, мөрдөх нь учир дутагдалтайг хяналтыхан тогтоосон байна.
 Баяжуулах үйлдвэрийн чиглэлээр бага агуулгатай жоншны хүдрийг техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсан ордуудаас биш, хууль бус ашигт малтмалт олборлогчдоос худалдан авах, компанийн дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтангүй, байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө, орчны хяналт, шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, шинжилгээний дүгнэлтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй тохиолдол гарчээ. Түүнчлэн хаягдал хадгалах байгууламжийг батлагдсан зураг төслийн дагуу бариагүй, хаягдлын далангаас ус шүүрч, газрын хөрсийг бохирдуулах, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй нэр бүхий есөн компани хууль зөрчиж буйг Мэргэжлийн хяналтынхан илрүүлсэн байна.

Уурхайн хаалтын чиглэлээр, хаалтын төлөвлөгөө батлуулсан боловч үйл ажиллагаа явуулж байсан, төлөвлөгөөг батлахдаа нөөцийг бүрэн ашигласан эсэхийг магадлаагүйн улмаас нөөцийн зөрүү гарах зөрчил үүсчээ.

Бичил уурхайчидтай хариуцлага тооцож чадахгүй байна

Бичил уурхайн чиглэлээр хийсэн шалгалтаар сумдын Засаг дарга нар  сумандаа байгуулах нөхөрлөлийн дээд хязгаарыг хэтрүүлдэг, орон нутгийн харьяаллын бус иргэдтэй нөхөрлөлийн гэрээ байгуулах, нөхөн сэргээлт хийлгүй орхиж явсан этгээдүүдтэй хариуцлага тооцохгүй байгаа нь тогтоогджээ. Мөн зарим нөхөрлөлүүд ашигт малтмал олборлох явцдаа 500 см3-аас дээш багтаамжтай дотоод шаталтын хөдөлгүүр бүхий механизмыг ашиглаж буй зөрчил гарсан байна. Ийнхүү бичил уурхайчдыг зохион байгуулалтад оруулж, дэмжиж, нөгөө талаараа хариуцлага хүлээлгэхийн тулд нөхөрлөлийн бүтэц хамгийн оновчтой гэж байсан юм. Тэгвэл нөхөрлөл байгуулсан ч энэ мэт асуудал гаргаж байгааг албаныхан орон нутагтаа уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрлийг гартаа авсан засаг захиргааны нэгжийн хяналттай холбон тайлбарлаж байна.

Дээрх нийт зөрчилд улсын байцаагчийн 12 албан шаардлага хүргүүлж, геологи, уул уурхайн салбарынх нь үйл ажиллагааг зогсоох долоон актыг компаниудад өгч, 43.1 сая төгрөгийн торгууль тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар дээрх зөрчлүүдийг авч хэлэлцээд, улсын хэмжээнд геологи, уул уурхайн хайгуул, олборлолттой холбогдох зөрчлүүдэд хууль муу хэрэгжүүлж байгаа нь нөлөөлсөн гэж дүгнэлээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж