Ирэх хавар махны үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Ирэх хавар махны үнэ тогтвортой байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн гишүүдийн асуултад  Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга  хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төрөөс  хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хангалттай хууль эрх зүйн орчин, тогтоол, хөтөлбөр баталж хэрэгжүүлсэн. Харин бодитой үр дүн хангалтгүй, санхүүжилт нь  шийдэгдсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт учир дутагдалтай  байгааг шүүмжлэв. Тухайлбал “Монгол мал” хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлсэн нь өнөөдөр дорвитой үр дүнд хүрсэнгүй, хөтөлбөрийг Засгийн газар эргэн харах шаардлагатай гэлээ.

УИХ-ын бусад гишүүдийн зүгээс ирэх хавар мах, гурилын үнэ тогтвортой байх эсэх, нөөцийн мах бэлтгэхэд зарцуулсан 87 тэрбум төгрөг үнэ тогтворжуулах үүргээ биелүүлсэн үү гэх асуултыг тавьж байлаа. Асуулга тавьсан УИХ-ын С.Бямбацогт  гишүүний хувьд махны үнийг тогтвортой байлгах зорилгоор 87 тэрбум төгрөг зарцуулсан ч 15 хувиар үнэ өссөн. Тиймээс ирэх хавар мах , гурилын үнэ  ямар байхыг хэлж өгөхийг хүссэн.

Эдгээр асуултад салбарын сайд Х.Баттулга “Бэлчээрийн мал, нийлүүлэлт өссөн үед үнэ унадаг, багассан үед өсдөг онцлогтой.  87 тэрбум төгрөгийг төсвөөс авчихаад хаясан мэт яриад байна. Тодорхой хөрөнгөтэй  компанид  зээл өгч мах бэлтгүүлээд эргэн төлүүлсэн. Энэ мөнгө өнөөдрийн байдлаар Монголбанкинд 100 хувь эргэн төлөгдсөн  байна.  Энэ хөтөлбөрөө үргэлжлүүлээд явбал махны үнэ өнгөрсөн жилийнхээс өсөхгүй байх боломжтой. Харин гурилын хувьд инфляци, долларын ханш зэргээс хамаараад зарим компаниуд буудайны үнээ нэмэх санал гаргаад байгаа. Нэмэгдлээ гэхэд 30-40 төгрөгөөр нэмэгдэх байх” гэх хариулт өглөө.

Гишүүдийн хувьд цаашдаа хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, мах, сүүн бүтээгдэхүүн, гурилын хэрэгцээгээ 100 хувь хангахад анхаарах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн хүн бүрийн сэтгэлийг зовоодог махны үнийн өсөлтийг бууруулахад хөдөө аж ахуйн бирж байгуулах, малыг амьдын жингээр борлуулж, фермерийн аж ахуйг дэмжих нь чухал гэх саналууд хэлсэн. Мөн хоршоодыг дэмжих чиглэлээр 2014 онд 2000 гаруй мах, сүүний чиглэлийн үхрийг гадаадаас оруулж ирэх ажил хэрэгжиж эхэлснийг  Х.Баттулга сайд танилцууллаа.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж