62 мянган иргэний үгийг сонсчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

62 мянган иргэний үгийг сонсчээ

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” 2012 оны аравдугаар сарын 12-нд нээгдсэнээс хойш бүтэн жилийг үдлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр тус төвд зочилж, жилийн ажлын тайлантай нь танилцлаа. “Засгийн газрыг иргэдтэй холбодог энэ төвд манай иргэд санал бодлоо олон хэлбэрээр илэрхийлж, үгээ ямар нэг шат дамжлагагүйгээр төрийн аль ч шатанд шууд хүргэж ирлээ. Хоёр дахь жилдээ бид иргэний хэлсэн санал төрийн аль байгууллагынхан гэдэг албан тушаалтанд очиж, яаж шийдэгдэж байгааг шууд харуулдаг болгоно. Тавьсан саналынхаа шийдвэрлэлтийн явцыг иргэд өөрсдөө хянаж чаддаг болно” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Иргэдэд улам илүү ойртсон нэг чухал шинэчлэл “11 11 төв”-д саяхан хийгдсэн. Хот, хөдөөд байрлуулж буй ТҮЦ (төрийн үйлчилгээний цахим) машинтай “11 11 төв”-ийг холбож,иргэдийн өгсөн санал, хүсэлтийг “11 11 төв”-д шууд бүртгэдэг болоод байна. Утсаар, интернэтээр төрд үгээ хүргэж, асуултдаа хариулт авах боломж бүрдүүлсэн “11 11 төв”, олон төрлийн лавлагаа авч болох ТҮЦ машин бол Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсч, тэдэнд шуурхай үйлчилж буйн илрэл юм гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд“11 11 төв” 62 мянга гаруй иргэний үгийг хүлээн авч, холбогдох төрийн байгууллагуудад хуваарилан шийдвэрлүүлж хариуг нь хүргэсэн байна. Иргэдийн хандалтыг төрөлжүүлбэл санал хүсэлт 46470, гомдол 8289, талархал 768, шүүмжлэл 5074, өргөдөл 128 байлаа. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, улсын бүртгэл, нийслэлийн асуудлаарх хандалт дийлэнхбайсан ба эдгээрийн 77 хувьд төрийн байгууллагуудаас хариу өгч шийдвэрлэжээ. Иргэдийн санал хүсэлтэд төрийн байгууллагууд хэр шуурхай хариу өгч, ямар чанартай шийдвэрлэснийг ч дүгнэж гаргалаа.

БШУЯ, УБЕГ, ЭМЯ, ҮХААЯ хамгийн “эелдэг” байж,  иргэддээ хүрч үйлчилсэн бол ЭХЯ, түүний салбар нэгжүүд, ХЗЯ, ЦЕГ иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэн, хариу мэдэгдэхдээ хойрго байжээ. “11 11 төв”-д хандсан иргэдийн 70 хувь нь утсаар холбогдон үзэл бодлоо илэрхийлжээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж