Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр тус төвд зочилж, жилийн ажлын тайлантай нь танилцлаа. “Засгийн газрыг иргэдтэй холбодог энэ төвд манай иргэд санал бодлоо олон хэлбэрээр илэрхийлж, үгээ ямар нэг шат дамжлагагүйгээр төрийн аль ч шатанд шууд хүргэж ирлээ. Хоёр дахь жилдээ бид иргэний хэлсэн санал төрийн аль байгууллагынхан гэдэг албан тушаалтанд очиж, яаж шийдэгдэж байгааг шууд харуулдаг болгоно. Тавьсан саналынхаа шийдвэрлэлтийн явцыг иргэд өөрсдөө хянаж чаддаг болно” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Иргэдэд улам илүү ойртсон нэг чухал шинэчлэл “11 11 төв”-д саяхан хийгдсэн. Хот, хөдөөд байрлуулж буй ТҮЦ (төрийн үйлчилгээний цахим) машинтай “11 11 төв”-ийг холбож,иргэдийн өгсөн санал, хүсэлтийг “11 11 төв”-д шууд бүртгэдэг болоод байна. Утсаар, интернэтээр төрд үгээ хүргэж, асуултдаа хариулт авах боломж бүрдүүлсэн “11 11 төв”, олон төрлийн лавлагаа авч болох ТҮЦ машин бол Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсч, тэдэнд шуурхай үйлчилж буйн илрэл юм гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.
БШУЯ, УБЕГ, ЭМЯ, ҮХААЯ хамгийн “эелдэг” байж, иргэддээ хүрч үйлчилсэн бол ЭХЯ, түүний салбар нэгжүүд, ХЗЯ, ЦЕГ иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэн, хариу мэдэгдэхдээ хойрго байжээ. “11 11 төв”-д хандсан иргэдийн 70 хувь нь утсаар холбогдон үзэл бодлоо илэрхийлжээ.