&#34Нарантуул&#34-ын хэргийг шалгаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

&#34Нарантуул&#34-ын хэргийг шалгаж дуусчээ

Цагдаагийн ерөнхий газраас нийслэлд гарсан гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.  Өнгөрсөн лхагва гаригт буюу аравдугаар сарын 9-нд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд "Баянзүрх дүүргийн 13 хороонд 30 орчим насны эмэгтэй хүний цогцос байна"  гэсэн дуудлагын дагуу УМБГ, НЦГ, дүүргийн цагдаагийн  алба хаагчид хэргийн газарт  үзлэг шалгалт  хийхэд айлд хүүхэд хардаг гэх 29 настай эмэгтэй Г  бусдын гарт амь насаа алдсан нь тогтоогдсон байна. Гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилснаар эмэгтэйн танил болох Багануур дүүрэгт оршин суух 34 настай иргэн Ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уг хэргийг үйлдсэн болохыг илрүүлэн баривчилжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд нас барсан хүний цогцос байна гэх дуудлагын мөрөөр шалгахад хувиараа таксинд явдаг иргэнийг амь насыг нь хохироогоод цогцсыг нь  22-ын товчооны цаана ус зайлуулах шуудуунд хаяж, автомашиныг нь хэргээс холгүйхэн орхисон байжээ. Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Мөн 2013 оны есдүгээр сарын 26-ны өдөр СБД-ийн нэгдүгээр цагдаагийн хэлтэст иргэнээс ирсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр дээр гаргасан өргөдлийн дагуу ЭХ-ийн 181.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгийг ЦЕГ-аас хэвлэлийнхэнд мэдээлэв.  Түүнчлэн  Нарантуулын худалдааны төвийн хүнсний павилон шатсан хэрэг дээр хоёр сар гаруйн хугацаанд шуурхай ажиллаж үндсэндээ дууссан байна. Одоогоор шинжилгээний дүн гарсан ч галын дүгнэлт эцсийн байдлаар  гараагүй байгаа юм. Хохирогчдыг шалгаж, хохирлын хэмжээг  тогтоон, галд шатсан бэлэн мөнгө, мөнгөн тэмдэгтийг сольж олгох талаар Монголбанктай хэлэлцэж тохирсон гэдгийг хуулийн байгууллагынхан мэдээлж буй юм. Энэ хэргийг аравдугаар сардаа багтаан эцэслэж, прокурорын хяналтад өгөх болно гэж ЦЕГ-аас дуулгалаа.

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж