Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд танаа

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд танаа

Герман улсад ажиллаж амьдарч, сурч буй таван мянга гаран монголчуудын санаа бодлыг энэхүү захидлаар хүргэж байгаа тул эрхэм Ерөнхий сайд та анхаарч үзнэ үү.

Эх орны минь ирээдүй хэрхэхийг шийдвэрлэх чухал асуудлын  өрнөл биднийг ийнхүү танд захидал бичихэд хүргэлээ. Глобалчлагдсан XXI зууны гадаад орнуудын эдийн засгийн болон геополитикийн  тоглолт шатарын нүүдэл хийхтэй адил ухаан зарахыг биднээс  шаардаж байна. 

Асар их баялаг гишгэж буй монгол үндэстэний хөгжил уул уурхайн салбартай салшгүй холбоотой.  Баялагтай байлаа гээд баяжчихгүй, түүнийг ашиглахад төрийн бодлого ямар байгаагаас бүх зүйл шалтаалах нь бодит үнэн.  Харин Засгийн Газрын зүгээс танилцуулж буй “Таван толгойн талаарх үзэл баримтлал” төсөл нь Африкийн араас явах замыг шулууруулж өгсөн явдал болжээ.  6 жилийн туршид хэрэлдэж хэлэлцэж байж хийсэн “Оюу толгой”- гэрээ монголчуудын амьдралд өөрчлөлт оруулах чадамжгүй болсоныг олон нийт ойлгож байна. Харанхуй хонгил дунд зул болж буй “Таван толгойн” ордыг хэдэн хэсэгт хувааж эдийн засгийн үр өгөөжийг нь үнэгүйдүүлж, дэлхийн биржийн томоохон акулуудын хийж буй тооцооноос хэдэн мянга дахин багаар үнэлж байгаа нь таны зүрх сэтгэл монголын төлөө цохилож буйд эргэлзэх сэтгэлийг төрүүлж байна. Нөгөө талд монголчууд нь нэгдэн нийлж баялагтаа эзэн суух санаачлага гарган асар  түргэн хугацаанд зохион байгуулалтанд орж чадсан атал тэднийг үгээр биш үйлдлээр үгүйсгэхийг учир юу вэ. 

Бид бүхэн хүнийг дээдэлдэг, хүнс нь баталгаатай, агаар нь цэвэр, амьдрах сайхан орчин нь таатай газар бараадан хүний нутагт эцэг эх халуун элэгтэнээ санагалзан амьдарч байна. Итгэл найдвар, горьдлого тээн эх нутагтаа очих өдрийг хүлээн сууна бид.  Гэвч интернет сайтууд дээр гарч буй мэдээлүүд гал руу ус хийх адил итгэл найдварыг хөсөрдүүлэх юм.

https://www.angelnexus.com/o/web/21413 сайт дээр  цочирдом мэдээлэл гарчээ.  Монгол улсыг “Хятадын үүцийн сав” хэмээн нэрийдсэн байх агаад манай орны уул уурхайн салбарын ашигт малтмалын эдийн засгийн үр өгөөжийг судлан тооцоо гаргасаны үндсэн дээр тойм төсөл хийснээ зарлажээ. Эндээс бид ямар баян улсын иргэн болохоо мэдэж авлаа. Харин ЗГын зүгээс танилцуулсан төслийн тооцоо судалгааг харвал  томоохон хэмжээний талхын үйлдвэрийн дайтай болсон нь  бүр алмайрхад хүргэв. Angel  research гэх энэхүү хөрөнгө оруулалтын судалааны хүрээлэнгийн мэдээ мэдээлэл нь үнэн бодитой байдаг төдийгүй дэлхийн томоохон хөрөнгө оруулагч компаниудын хөтөч болдог нэр хүндтэй байгууллага юм. Харин Монголын Засгийн Газар таван толгой төслөөс 30 жил мачийтал ажиллаад 5.4 хөн миллиард долларын ашиг олох тооцоо хийсэн байна. Өөрсдөө чадахгүй бол өрөөлөөс санаа авах нь муу зүйл биш. Гадаадын сайт дээр гарсан мэдээлэл уншаад ойлгох хэмжээний хүмүүс төрийн ордонд ажилдаг гэж найдна. Санамсаргүй гэх аргагүй дэндүү санаатай хорлонтой төсөл болсон нь илэрхий ажээ. Энэхүү хорлонтой төсөл учир үл мэдэгдэх арга замаар намуудын бүлэг дээр дэмжлэг аван УИХ- ын чуулганаар хэлэлцэгдэх асуудлын жагсаалтанд орсон нь гайхал төрүүллээ.  Уг төсөлтэй холбогдон гарч буй мэдээллээс үзвэл сонгуулиар өгсөн сая таван зуун мянган төгрөгний амлалттай холбоотой гэнэ. Эргэн сонгогдох өчүүхэн ашиг сонирхолоос болж хэдэн мянгаар биш милярдаар яригдах долларын ашигнаас татгалзах  тэнэг хүн гэж ерөнхий сайд таныг бодохгүй байна. Таны  хэлэх үг, хийх үйлдэл тань зөвхөн монгол хүний монголчуудын эрх ашгийн төлөө байхаас биш бодлогогүй амлалтын золиосонд ард түмний хөрөнгийг үнэгүйдүүлж дураар авирлагчдыг хөхүүлэн дэмждэг байж болохгүй.

Батлуулахаар яаран хурдаа нэгэнт авсан энэ үед тоормос гишгэх хүн нь эрхэм Ерөнхий Сайд Та. Нэгдсэн үедээ хүчтэй байсан эртний  түүхийг давтамж болгон санал санаачлага гарган нийлсэн 2000 гаран үндэсний компаниуд, үндэсний үзэлтнүүдийн эвлэлдсэн эвийг тас цохих зориг танд байхгүй байх. Гадны хүнээс горьдон царайчилж ханасан тэд эх орондоо, эд баялагтаа эзэн байхаар сэтгэл шулуудсан байна гэж бахархал тээн  бид баярлаж байгаа билээ.  Үр хойчдоо хараалгаж удам дамжин зүхүүлэх зүйл хийхгүй байхыг эрхэм ерөнхий сайд танд сануулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж