Ирэх долоо хоногийн бямба гариг буюу энэ сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болох гэж байна. Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард таалал төгссөн учир түүний оронд шинэ төлөөлөгч сонгох нөхөн сонгуулийг ирэх бямба гаригт хийхээр товлосон нь энэ юм. Одоогийн байдлаар тус тойрогт АН, МАН, МАХН гэсэн гурван намын төлөөлөл нэр дэвшээд байгаа ажээ. АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус тойрогт нэр дэвшиж байсан Э.Бат-Амгалан, МАХН-аас улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар нэр дэвшсэн байна. Нөхөн сонгууль болох гэж буй Баянзүрх дүүргийн долдугаар хороо нь 1700 гаруй өрх, 5000 орчим сонгогчтой ажээ.
М.СУРА