"Чөлөөтийн дэлхийн аваргад оролцож байсан"

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

"Чөлөөтийн дэлхийн аваргад оролцож байсан"

"Чөлөөтийн дэлхийн аваргад оролцож байсан"

Энэ дугаарынхаа зочноор Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат "Өрмөн-Уул" ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Ба.Батжаргалыг урилаа. Бидэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан түүний ярилцлагыг та бүхэн таалан болгооно уу?

-Сайн байна уу та сайхан намаржиж байна уу?

-Сайхан сайхан намаржиж байна уу

-Та бөхийн гараагаа хаанаас эхэлсэн бэ? Яагаад үндэсний бөхөөр барилдах болов, энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би анх чөлөөт бөхөөр барилдсан. Чөлөөтөөр барилдаж байгаад 2000 онд “Аварга” БТДС-д элсэж ороод үндэсний бөх, чөлөөт бөхөөр давхар хичээллэх болсон. Үндэсний бөхийн хичээлийг анх монгол улсын харцага, ардын багш Д.Сэрээтэр багш заадаг байлаа. Суралцаж байх хугацаандаа сургуулиасаа жилийн чөлөө аваад, дараа нь Адъяахүү багшийн ангид орж үргэлжлүүлэн сурсан. Тэр үед Адъяахүү багш үндэсний бөхийн хичээл ордог байсан болохоор би үндсээр эрчимтэй хичээллэж эхэлсэн дээ.

-Чөлөөт бөхийн ямар жинд барилддаг байв?

-Эхэндээ 74кг-ын жинд барилдаж байгаад хамгийн сүүлд 2005 онд энэ жиндээ дэлхийн аваргад оролцсон.Тэгээд дараа нь жин нэмж 84,96 кг-д барилдаад сүүлд жин нэлээд нэмэгдээд ирэхээр нь чөлөөтөө орхиж үндэсний бөхөөр заал танхимын барилдаанд ганц нэг давдаг болж эхэлсэн. 2005 онд Сүхбаатар аймгынхаа наадмаар очиж барилдаад тавын даваанд тунаад уначихсан. Тэр жилээ цол авж чадаагүй ч дараа жил нь дахиж очиж барилдаад түрүүлж аймгын арслан цол хүртсэн дээ.

-Чөлөөт бөхөөр одоо барилдахаа боличихсон юм уу?

-Тиймээ. 2006-2008 онд барилдаад тэрнээс хойш бараг барилдахаа болиод голдуу үндсээрээ л барилдаж байгаа.

-Чөлөөтийн дэлхийн аваргад оролцож байсан гэлээ. Ямар амжилттай оролцсон бэ?

-Би 2005 оны улсын аваргад 74кг-д барилдаж түрүүлээд тэр жилээ Унгарын Будапишт хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцсон л доо. Эхний тойрогтоо ялаад, 2-р тойрогт Кубын бөх олимп, дэлхийн аваргатай барилдаад ялагдчихсан.

-Танай гэр бүлд бөхийн удам байгаа юу?

-Би таван хүүтэй айлын дундах нь байгаа юм. Манай аав цэрэгт байхдаа  улсын наадамд барилдаж хоёр даваад гурвын даваанд Хайдав арсланд амлуулаад унаж байсан гэсэн. Тэр үед цэргүүдийг олноор нь улсын наадамд барилдуулдаг байсан гэдэг юм. Аав минь барилгын инженер хүн. Намайг бага байхад ийш тийшээ барилга барина гээд л явна.  Би ч дагаад л явдаг байлаа.Тэгэхэд аав барилгачидтайгаа их барилддаг байсан. Цол энэ тэр аваагүй ээ, зүгээр л бөхийн хорхойтой, бөхөд дуртай хүн.

-Ах, дүү нар чинь барилдахгүй юу?

-Үгүй ээ. Би гэрээсээ ганцаараа барилддаг.

-Үндэсний бөхөөр барилдахын юу нь сайхан cанагддаг вэ?

-Ер нь багын л бөхөд дуртай байсан. Үндэсний бөх бол Монголын нэг том өв соёл. Би монголыг бөхийн орон гэж бодож явдаг. 2004 онд Иранд  Азийн цомын тэмцээн болсон. Тэнд очоод “бөхийг хүн яаж шүтдэг юм бэ” гэдгийг харж байсан. Ерөнхийдөө нэг нойморт бурхан, хоёрт бөх гэж зүйрлэн их сайхан шүтдэг юм билээ. Монгол ч гэсэн сайхан шүү дээ. Хөдөө гадаа явж байхад айлаар ороход бөх хүн ирлээ гээд их сайхан цай хоолоороо дайлаад л хүндэлж хүлээж авдаг. Би улсын начин бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны шавь л даа. Багш маань 2005 онд бурхан болсон. Багш бидэнд бөхийн буян гэж их байдаг юм. Тэр буянг дааж яваарай гэж их захидаг байсан. Хамгийн гол нь тэр хайр хүндлэлийн хариуд бөхчүүд маань соёлтой боловсон, хаана ч хүмүүстэй их сайхан харицаатай байх ёстой юм болов уу. Ард түмэн нь хайрлаж байхад бөхчүүд тэр олон түмэнг бас хүндэтгэж хайрлаж байх ёстой боловуу гэж боддог юм шүү дээ.

-Багш нарынхаа талаар ярьж өгөөч?

-Чөлөөт бөхийн загалмайлсан эцэг гэгддэг О.Цэрэндагва гэж Монголын чөлөөт бөхийн хамгийн анхны дасгалжуулагчийн шавь байлаа. Дараа нь Арслан клубын Баттулга багштай бэлтгэл хийж байсан. Тэгээд 2001 оноос А.Ганбаатар багшынхаа удирдлага доор бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг болсон. Хоёр багш маань бурхан болчихсон ч гэлээ багш нартаа үргэлж баярлаж явдаг. Одоо бол харцага Элбэг, начин Адьяахүү нараас бэлтгэл сургуулилтынхаа талаар асууж, зөвлөж явдаг. Мөн Сүхбаатар аймгийнхаа “Жавхлант”дэвжээний бөхчүүд болон ахмад бөхчүүд, Архангай аймгийн бөхийн дэвжээнийхэн гээд олон хүнээс үг дуулж, тэдэндээ бүгдэнд нь баярлаж явдаг даа. Хүмүүс “чи ингэж барилд, тэгж барилд” гээд хэлэх нь их сайхан санагддаг. Хөвсгөлийн М.Эрдэнэбат начин бид хоёр гээд “Аварга” сургуулийн нэг ангийнх. Найз маань надад их зааж сургадаг шүү. Чи ингэвэл зүгээр, тэгвэл болно гээд л.

-Танд үлгэр дууриал авдаг барилдааныг нь харах дуртай бөх гэвэл…?

-Байлгүй яахав. Ер нь намайг анх бөх үздэг байхад зургаан залуу заан ид сайхан барилдаж байсан. Миний үеийхэн ихэвчлэн тэднийг л харж, үлгэрлэж бөхөд их дуртай болсон байдаг. Энэ хүмүүсийг хараал эд нар шиг сайхан бөх болох юмсан гээл бөхөд дуртай болсон байдаг. Тэднээс монгол бөхийн алдарт аварга, арслан, гарьд цолтнууд төрж Монгол бөхийн үзэгч сонирхогчын тоог улам нэмсэн гэж бодож  хүндэлдэг. Тэр дундаа би Г.Өсөхбаяр аваргатай их ойр байдаг. Ер нь манай Өсөхөө ах сайхан барилдахаас гадна биеэ их сайхан авч явдаг, сайхан хувцасладаг, байгаа байдал нь хүртэл их сайхан  үлгэр жишээ хүн л дээ.Би Өсөхөө ахыгаа их хүндэлдэг. Ер нь бүх л бөхчүүдийгээ хүндэлж явдаг даа. Хэдийгээр  бид нар дэвжээн дээр өрсөлдөн барилдаж байгаа ч гэсэн бусад үед найз нөхөд, ах дүү шиг байж, мэндтэй явдаг шүү дээ.

-Таны биеийн жин өндөр хэд вэ?

-Өндөр 176см, жин 108 кг.

-Багадаа ямархуу хүүхэд байсан бол…?

-Их сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг юм. Ямар сайндаа л цэцэрлэгт байхад манай ээж намайг авах гээд очсон чинь өөр ангид өгчихсөн байсан гэсэн. Яагаад өөр ангид өгсөн гэсэн чинь танай хүүхэд арай дэндүү сахилгагүй юм, би дийлэхгүй нь гээд өөр ангид шилжүүлчлээ гэж. Тэр багшид ээж их дургүй миний хүүг голсон гээд…/ инээв/. Манай гэр цэцэрлэг хоёр их ойрхон. Заримдаа багш нар сандралдаад хайж байхад би аль хэдийн хашаа даваад гэрлүүгээ оччихсон байдаг байсан гэдэг. Тэгэхээр их л сахилгагүй хүүхэд байсан байгаа биз?

-Гэргийтэйгээ хаана яаж танилцсан бэ? Аваргын охин гэдгийг нь мэддэг байсан уу?

-Талийгаач Ганбаатар багш маань  манай хадам аавтай /Ж.Мөнхбат аварга / их ойр дотно байсан л даа. Байнга гэрээр нь орж гардаг байсан.  Тэр үед ОУХМ  Батзориг, улсын начин Энхтуяа бид гурав л Ганбаатар багшийн шавь байсан. Багш зөвхөн бөхийн дасгалжуулагчдаас арга барил нь их өвөрмөц. Бэлтгэл хийж тарчихаад бид гурвыг дагуулаад модонд их явна. Тэр үеэс л багштайгаа хамт  анх аваргынхаар их орж гардаг болсон. Тэгж яваад эхнэрээ анх хараад, танилцаад, бэлтгэлийхээ зав чөлөөгөөр уулздаг болж, тэгээд л гэр бүл болсон доо.

-Хадам дүү Хакухо аваргатай барилдаж, бэлтгэл хамт хийж байвуу?

-Барилдаж байсаан. Аварга маань зуныхаа амралтаар байнга ирдэг. Ирээд эхний хэд хоног сайхан амарч байгаад сүүлдээ бие нь чилнэ гээд хааяа хөлсөө гартал сайхан барилдана шүү.

-Даваа унаа ямархуу байв?

-Хоёр гурван жилийн өмнө жаахан ажиллаж, ядрааж байгаад ганц нэг хаячихдаг байсан. Одоо бол хэцүү болсон байхаа. Аварга маань бүх юм нь тэгшрээд сайхан аварга болчихсон болохоор дийлдэхгүй болсон байх. Тэгээд ч сүүлийн үед нэг их айхтар яс барилдсангүй ээ, аваргатай.

-Улсын наадамд хэд зодоглосон бэ?

-Өө олон зодоглосон. 2006 онд аймгийн арслан болж ирээд анх улсын наадамд барилдаж, гурвын даваанд унаж байсан. Тэгээд тэрнээс хойш барилдсан.

-Наадмын даваануудынхаа тухайд?

-Би ер нь улсын их баяр наадамд хоёрын даваанд их олон унасан. Ер нь хоёрын давааг л босго даваа гэж боддог. Хоёрын даваанд барилдахдаа л их бодож гардаг. Барьц сонгуулаад хоёр гурав унаж байсан. 2011 онд дөрөв даваад тавын даваанд Сайнбаяр заанд унасан. Ер нь бол улсын наадам  гэдэг бас л чанга шүү дээ. Маш хянуур нягт л барилдахгүй бол хүн болгоны бэлтгэл нь ханачихсан байдаг учраас тэр жилийн бэлтгэл хэн сайн хийсэн нь, хэн биеэ зөв авч явсан, хэн их хөдөлмөрлөсөн нь л их сайн барилдаж байна шүү дээ. Жилд нэг л удаа болдог учраас хариуцлагатай. Биеэ хэт барьснаас болж унасан тохиолдол бий л дээ. Тэгээд яахав, одоо бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд цаашдаа сайн барилдана л гэж бодож байна.

-Энэ зун хаагуур барилдав. Хөдөө орон нутгаар барилдав уу?

-Нэг их барилдсангүй ээ. Бөхчүүд,тамирчдын хувьд бэлтгэл сургуулилтанд хамгийн том саад бол бэртэл гэмтэл байдаг.Би ноднин нэг сард гэмтэл аваад эмчилгээ хийлгээд бараг барилдаагүй. Цэргийн наадам, Төв аймгийн наадам, улсын наадам гуравт л барилдсан. Хөдөөний наадмуудад явсангүй ээ.

-Бэлтгэлээ хаана базаадаг вэ?

-Их шавийн дээд сургууль дээр хийдэг. Мөн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, Архангайн бөхчүүдтэй сүүлийн дөрвөн жилийн наадмын бэлтгэлд гарч байгаа. Тэд нартайгаа санаа нийлээд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Энэ дашрамд  Архангайн бөхчүүддээ баярлаж явдагаа илэрхийлье.

-Дэвжээний бэлтгэлийг илүү хийж байна уу? Хүчний бэлтгэлийг илүү хийж байна уу?

-Ер нь бол аль алиныг нь хослуулж хийж байгаа. Бөхчүүд ч тэгж хийж байна. Миний нэг бодол байдаг юм. Сүүлийн үед залуучууд маань хүчний буюу штанг арай илүү хийгээд байх шиг байна. Залуу сумын заануудын барилдааныг хараад байхад залуучууд бие хаа их сайхан байна л даа. Гэхдээ уран барилдаан их багасч байгаа юм шиг надад санагдаж байгаа. Сайхан уран барилдаан гарахаа больж. Хүмүүс чинь одоо зарим нь зугтаж явж байгаад л элэг бүс сэнжиг авдаг болж. Залуучууд штанг хийхээсээ илүү мэх их сурвал зүгээр санагддаг. А.Сүхбат аварга их сайхан уран барилдаантай барилддаг шүү дээ.

-Та ямар мэх голлож хийдэг вэ?

-Би чинь ерөөсөө л хөл авч барилддаг. Чөлөөт бөхөөр барилдаж байсан болоод ч тэрүү хөл л их авч барилддаг. Анх үндэсний бөхийг ойлгоход их хэцүү санагддаг байсан.  Наад зах нь золгож барилдахад их эвгүй. Юманд бариулчихсан юм шиг санагдана. Одоо бол дасаад, сураад гайгүй болсоон.

-Ер нь сурахад хамгийн хэцүү ямар мэх байдаг вэ?

-Би ер нь хөл, мэх их муутай шүү дээ. Хөл мэх л их хэцүү санагддаг. Хавирч бараг үзээгүй. Ганц хоёр удаа хутгах мэх хийж  байсан болохоос хөл мэх хийхгүй шүү.

-Өмсөх мэх хийх үү?

-Тэрийг хийж ёстой мэдэхгүй/ инээв/. Хүмүүс сурсан сурсанаараа л өөрийнхөө биед тохирсон мэх хийдэг гэж боддог.

-Даваа унаа тэнцүү бөх байхуу? Олон удаа унаж байсан бөх байна биз?

-Миний хамгийн олон унаж  байсан бөх гэвэл Төв аймгийн харьяат, энэ жил заан болсон Батмөнхөд  гурав, дөрөв унасан байх аа.Их ойр ойрхон таараад л унаад байсан. Бас улсын наадамд хоёрын даваанд таарч унасан.

-Ямар бөх голдуу амлаж авдаг вэ?

-Би хөл авч барилддаг болохоор том биетэй хүн авбал заримдаа их амар санагддаг. Гэхдээ заримдаа амаа их буруу авдаг юм шиг байгаа юм. Ам авна гэдэг чинь бас их бодох ёстой зүйл л дээ. Тэр дундаа хамгийн хэцүү нь гурван хүнээс ам авах л их хэцүү гэж ярьдаг .Өөрийнхөө барилдаандаа таарсан бөх авахгүй бол хэцүү л дээ.

-Таны бодлоор ам авна гэдгийг юу гэж ойлгодог вэ? Ам авах болохоор тэр бөх энэ бөхтэй таарвал зүгээр юм байна гэх зэрэг бодол орж ирдэг үү?

-Мэдээж байлгүй яахав. Ялангуяа нутгийнхаа бөхчүүдийг их харна. Хэн нь хэнийг авч хаяж байна, хэн нь унаж байна гээд л харнаа, харна. Өөрийн мэдэх юмаа бас хэлж өгнө. Манай Сүхбаатар аймаг чинь бөхийнхөө тоо тийм ч олон биш бас улсын цолтон төрөлгүй нэлээд тасарчихаад байгаа болохоор улсын цолтон төрөөсэй гэж их боддог. Зөвхөн би гэлгүй надаас бусад нь ч гэсэн улсын цолд хүрвэл нутгийн ард түмэн их баярлах болов уу гэж боддог.

-Өөрийн чинь барилдааны талаар хадам аав тань хэр зөвөлдөг вэ?

-Ер нь бол зөвлөдөг. Манай аав чинь сүүлийн хэдэн жил бөхөөс хөндийрсөн л дөө. Өөрөө залуу байхдаа барилдаад асар их нерв зарцуулж байсан. Мөн Даваажаргал маань барилдаад… Хүн чинь ер нь өөрөө барилдахаас илүү хүн харж нервтэх нь эвгүй санагддаг л даа. Би ч гэсэн Хакухогоо барилдахаар нь гарын алга  хөлрөөд л сонин болно шүү дээ. Ямар сайндаа манай гэр бүлийн хүн “чи нэг тогтвортой суугаач” гэдэг юм.Тэгэхээр сүүлийн хэдэн жил аав маань бөхөөс хөндийрсөн ч гэсэн хааяа нэг зааж зөвөлнө өө.

-Бөхийнхөө хажуугаар ямар ажил эрхэлдэг вэ?

-Ер нь бөх барилдахынхаа хажуугаар янз бүрийн юм хийе гэсэн бодол бий. Яг үнэндээ өнөөдөр сайн барилдаж чадвал тэр бөх сайхан амьдарч байна. Цолонд хүрч сайн барилдаж чадахгүй бол ард амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхдээ авч явах хэрэг гарна. Гэрийн эзэн хүн болохоор бодсон бодол их байна. Одоохондоо  төлөвлөөд л байж байна. Би “Өрмөн-Уул” гэж компаний нэр дээр барилдаад гурван жил болж байгаа. Манай нутгийн хүмүүс байдаг. Надад цалин хөлс өгч бэлтгэл сургуулилтаа хийх бололцоог маань хангаж намайг сэтгэл санаагаар их дэмжиж байдагт Оюунбилэг, Цэцэнбилэг гэж захирлууддаа мөн хамт олонд нь маш их баярлаж явдаг шүү гэж энэ дашрамд уламжилъя.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би гурван хүүтэй.

-Хүүдүүд тань ер нь барилдах болов уу, бөх хэр сонирхож байна?

-Бөх сонирхохын хувьд сонирхож байна аа. Хакухо ахыгаа үзнэ, намайг хааяа барилдахаар хардаг. Хүн ер нь шунаж сонирхож байж л бөх болдог болов уу гэж боддог. Би бөх барилддаг байхад манай хоёр ах огт бөх сонирходоггүй, сагс тоглодог, хоёр дүү бас сагс тоглодог. Тийм учраас хичнээн бөхийн удамтай байсан ч хүн өөрөө сонирхолгүй бол хэцүү л дээ.Өөрсдөө сонирховол дэмжилгүй яахав.

-Шинэ залуу бөхчүүддээ юу гэж захимаар байна?

-Одоо сумын заан цолтой болон залуу бөхчүүд их олноор барилдаж байна. Манай Ганбаа багш бид нарт “За та нар зааланд ямар ч хүн орж ирсэн, юу ч хийж байсан дандаа тэр хүмүүстэй мэндэлж, хүндэтгэж байгаарай” гэж хэлдэг байсан.Тэгээд бэлтгэл хийж байхад ахмад бөхчүүд болон бусад хүмүүс орж ирэнгүүт бид дандаа очиж мэндэлдэг байлаа. “Аварга” сургуульд ч анх элсэж байхад Бат-Эрдэнэ аварга маань бид нарыг ёсолж  мэндэлж сургасан. Аваргын оюутнууд курс курсээрээ бие биетэйгээ мэндэлдэг байсан. Бөхчүүдийн дунд ялангуяа сүүлийн үеийн бөхчүүд мэндлэх нь багасчихсан юм болов уу гэж боддог. Таван үгнээсээ танигдана гэж ардын мэргэн үг бий.  Хаана ч байсан нэгэнтэйгээ мэндэлж байвал зүгээр. Би бол мэндлээд л өнгөрдөг. Тийм учраас залуучууд маань хамгийн эхэнд хүнтэй зөв сайхан мэндэлж сурах хэрэгтэй. Дээрээс нь жудагтай, эрэмбэ дараатай байх хэрэгтэй.Ер нь бөхийн эрэмбэ, ёс жудаг алдагдвал хэцүүднэ шүү дээ. Хааяа Японд сумо бөх үзэхээр очоод бэлтгэл сургуулилтийг нь харж байхад гайхамшигтай санагддаг байхгүй юу. Ялангуяа тэр доод  цолтнууд бол бусад бөхчүүдээ маш их хүндэлдэг. Энэ мэтийг харахад их жудагтай, барилдаан дээр ч гэсэн хориотой мэх хийхгүй байх нь зүйтэй болов уу гэж боддог. Тэгээд бэлтгэлээ сайн хийгээд сайн барилдах л хэрэгтэй дээ.

-Гадагшаа хэр олон улс орон руу явж үзсэн бэ?

-Чөлөөтийхөө тэмцээнээр Азийн аваргаар бас олон улсын тэмцээнүүдэд явж байсан.

-Медаль хэр хүртсэн бэ?

-Би 2007-2008 оны шигшээд барилдаад Азийн цомын тэмцээнээс хүрэл медаль авч, залуучуудын улсын аваргад түрүүлсэн. Монгол Говь гээд ОУ-ын тэмцээнд бас түрүүлж байсан. ОХУ-ын Улаан Үүд хотод болдог тэмцээнүүдэд оролцож медаль авч байсан.

-Ах нарыгаа дагаад хэр сагс их тоглох уу?

-Би сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох дуртай. Миний хамгийн дуртай хоёр спорт. Хөлбөмбөг  их үзнэ. Испаны Реалмадрид баг Английн Манчистар Юнайтад багийг дэмждэг.Дэлхийн аваргад бол Барзилыг дэмжинэ.

-Чөлөөт цагаараа гол төлөв юу хийдэг вэ?

-Нас насны онцлог байдаг юм байна л даа. Анх бол найз нөхөдтэйгөө уулзаад энэ тэнүүгээр их явдаг байсан. Одоо байгалийн сайхан, агаар салхинд гарч бужигнацгаах л их дуртай болж дээ. Ялангуяа өдийд найз нартайгаа айраг уугаад ярьж хөөрч суух ч сайхан шүү.

-Хэр авьяастай вэ?

-За, даа. Дуу дуулах л дуртай даа. Би Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат гэж дуудуулдаг ч хотод төрж өссөн. Унаган Улаанбаатрын хүүхэд. Хотын хүүхдүүд чинь байрны гадаа сагс тоглож, нэгнийдээ орж касеттай хөгжим сонсож л өссөн дөө.

-Барилдаануудыхаа талаар хэр боддог вэ?

-Барилдааныхаа дараа дүгнэлт хийхийг оролддог. Анх бичлэг хийгээд үздэг байсан. Жүдогийн Цагаанбаатар “Сүүлд нь харамсахгүйгээр өөрт байгаа бүхнээ тултал хийчихээд ялагдах юм бол өрсөлдөгчөөсөө дутуудаа л ялагдаж байгаа нь тэр” гэж хэлсэн байдаг юм. Тэрэнтэй адилхан би ч гэсэн барилдахдаа өөрт байгаа бүх чадлаа дайчлах юмсан л гэж гардаг. Заримдаа чадахгүй үе байдаг. Тэрийгээ эргээд их боддог.

-Таны үеийхнээс амжилттай сайхан барилдаж байгаа олон бөхчүүд байна уу?

-Бий, бий. Би чинь 2006 оны аймгийн арслан шүү дээ. Тэр жил хамт аймгийн арслан болсон бөхчүүдээс Баянхонгорын Энхбат  гээд цөөхөн бөх улсын цол аваагүй байна л даа. Түүнээс биш Бат-Эрдэнэ, Содномдорж,Нямсүрэн, Цацавшир, Бат-Орших гээд нэг оны арслангууд маань бүгд улсын өндөр цолонд хүртсэн болохоор их сайхан байдаг юм. Цол аваагүй болохоор хааяа өөрийгөө чамладаг.

-Хор шар хөдөлнө биз?

-Хөдлөлгүй яахав. Мэдээж спортын хүн хор шаргүй байна гэж юу байхав.Гэхдээ тэр нь цагаан байх ёстой. Тэд нар маань ийм сайхан барилдаж байхад би яагаад  муу барилдаж байна аа ч гэдэг юм уу, тэгж л бодож өөртөө дүгнэлт хийдэг.

-Засуулуудын тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Би барилдааны хөлийн цэц, засуул хийж байгаа хүмүүс их хариуцлагатай байх ёстой болов уу гэж боддог. Яагаад гэхээр бөхчүүд бол маш хүнд хөдөлмөр хийж байдаг. Ялангуяа наадмаар асар их бэлтгэл хийж цаг зав амьдралынхаа бүх юмыг зөвхөн наадамд зориулсан байдаг. Тийм болохоор хөлийн цэц, засуулууд дүрмээ маш сайн барьж гярхай байж, хэн нэгнийг хохироолгүй шударга шүүх ёстой гэж боддог. Уг нь миний бодлоор монголд үндэсний бөхөд камерийн шүүлт оруулж ирвэл их зүгээр юм шиг санагддаг. Камераар шүүдэг болчихвол элдэв маргаан гарахгүй байх. Гэхдээ одоохондоо камер байхгүй учраас засуулууд маань л их сайхан сэтгэлтэй, нутаг ус гэлтгүй засч байгаа бөхөө сайхан зоригжуулж байвал сайхан. Зарим засуулууд барилдахаар гарахад “За сайхан зоригтой барилдана шүү” гэх зэргээр урам өгөхөөр аятайхан л санагддаг.

-Танд харамсмаар барилдаан, унаа байсан уу?

-Байгаа, байгаа. Улсын наадмын унасан барилдаан болгон харамсалтай шүү дээ. Мэх хийж чадалгүй унасан эсвэл мэх хийж яваад хариу мэхэнд ороод унасан гээд харамсахаар барилдаанууд байдаг. Ялангуяа 2011 оны наадмаар начны даваанд Сайнбаяр заантай барилдаж байгаад хамгийн сүүлд  давхар золгоон дээрээс өөрөө  барьцны алдаа гаргаад уначихсан байхгүй юу. Хэрвээ тэр золгоо задарсан бол шодох байсан л даа. Би эхэндээ сэрвүүгээс хөл аваад  хэрвээ бүр болохгүй бол  шодно гэж бодож байсан. Шодоод азаа үзэхэд миний талаар буувал яаж ч магадгүй гэж бодож байгаад алдаа гаргаж унахад үнэхээр харамсалтай байсан.

-Мартагдахааргүй чанга унаж байсан тохиолдол байдаг уу?

-Тэгж нэг их айхтар унаж байгаагүй ээ. Чөлөөт бөхөөс зөв уналт сурдаг учраас гайгүй байдаг. Сүүлд барилдаж байгаа залуучууд зөвхөн үндэсний бөхөөр барилдаад байна л даа. Уг нь нь их спортоор барилдвал бүр илүү  амжилт үзүүлэх боломжтой. Жишээ нь Өсөхөө аваргыг л хар л даа. Бас чөлөөтөөр барилдаж байсан Сүхбат аварга, Сумъяабазар аварга, Гантогтох гарьд, жүдогоор барилдаж байсан Ганбат арслан, Цэрэнпунцаг гарьд гээд бүгд их спортоор хичээллэж байсан болохоор сайн барилдаж, их амжилт гаргаж чадсан гэж боддог.

-Баярлалаа танд.

МУБИС-ийн оюутан П.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: http://undesniibukh.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж