Х.Баттулга: Арван сая тонн арьс боловсруулна

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Арван сая тонн арьс боловсруулна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад хандан тавьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонслоо. Үүний дараа УИХ-ын гишүүд сайд Х.Баттулгад хандан асуулт тавьж, тодорхой хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүдийн хувьд Хөдөө аж ахуйн биржээр өнгөрсөн хугацаанд ноос, ноолуур хэр хэмжээгээр арилжаалагдсан, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр салбар хариуцсан яам ямар зорилго тавин ажиллаж байгаад хариулт өгөхийг хүслээ.

Сайд Х.Баттулгын тайлбараар бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас Хөдөө аж ахуйн бирж байгуулж, ноолуурын 80 хувь, ноосны 90 орчим хувийг тус биржээр дамжуулан арилжаалжээ. Ингэснээр ноолуур түүхийгээр гадагшлах сувгийг хаах боломж бүрдсэн. Ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгосноор эргээд экспортод эерэг нөлөө үзүүлж байгаагийн зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих, малчид орлоготой болох бололцоо бүрдсэн байна.

Нөгөө талаас салбар хариуцсан яам малыг эрүүлжүүлэхэд анхаарч байгаа. Малаас гаралтай түүхий эд болох арьс ширийг боловсрууллаа гэхэд бүтээгдэхүүн хийх болоход гологддог. Тиймээс мал эрүүл байх шаардлагатай. Мөн Дархан-Уул аймагт малын арьс ширийг боловсруулах түүхий эдийн үйлдвэр байгуулахаар болж Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхэлсэн. Үйлдвэр байгуулагдсанаар жилдээ 10 сая тонн арьс шир боловсруулах бололцоо бүрдэнэ.

Малчид арьс ширээ үндэсний үйлдвэртээ тушаавал бог малд 10 мянга, бод малд 15 мянган төгрөгийн урамшууллыг тус бүр олгоно. Энэ бүхэн нь эцсийн дүндээ малчдыг орлоготой байлгах боломж бүрдүүлж байгаагийн зэрэгцээ үндэсний үйлдвэрээ түүхий эдийн гачаалд оруулахгүй байх гарц юм гэж тэрээр хэллээ.

Махны экспортын тухайд дотооддоо нийлүүлж байгаагаас үнийн хувьд харьцангуй доогуур тул Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БНХАУ-д айлчлал хийх үеэр энэ асуудлыг ярилцахаар төлөвлөж байна гэж тодотголоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж