Үр тарианы 80,3 хувийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.11-нд нийтлэгдсэн

Үр тарианы 80,3 хувийг хураажээ

Саяхан орсон бороо хөдөө аж ахуйнхныг гэнэтийн шалгалтад оруулж,  томоохон сануулга өглөө. Азаар газар тариалангийн гол бүсийг тойрсон гэж байгаа ч дахин бороо болоод хур тунадас орохгүй гэх газаргүй. Тиймээс тус салбарынхан ургац хураалтаа яаравчлах болсон байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Ургацын төв комиссоос ургац хураалтын байдлыг мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 60.9 мянган га-г ангилан хадаж, 54.4 мянган га-г цайруулж, 178.6 мянган га-г шууд хурааж нийтдээ 233.0 мянган га-гаас 306.4 мянган тонн үр тариа хураан аваад байгаа ажээ. Мөн  13.7 мянган га-гаас 176.1 мянган тонн төмс, 7.6 мянган га-гаас 96.9 мянган тонн хүнсний ногоо, 11.6 мянган га-гаас 37.1 мянган тонн тэжээлийн ургамал, 34.1 мянган га-гаас 24.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Энэ нь үр тарианы хураалт 80.3 хувь, төмс хураалт 90.7 хувь, хүнсний ногооны хураалт 94.3 хувьтай байгаа үзүүлэлт ажээ.

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр маргааш баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, бямба гаригт баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, аравдугаар сарын 13–нд зарим газраар хур тундас, цас орж -13 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа ажээ. Ургац хураалтын ажилд 1980 цэргийн албан хаагч, сонсогч 600 гаруй оюутан залуучууд гэрээгээр ажиллаж буй юм байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж