Шинэ жилийн өмнөхөн согтуу сувилагч дөнгөж төрсөн нярайг түлсэн хэрэг гарсан. Бас л ажлаасаа халагдах төдийхнөөр асуудал шийдэгдсэн. Түүний дараахан Эх нялхас, эрдэм шинжилгээний төвд мэс засалд орсон хоёр настай хүү мөн л эмчийн хариуцлагагүйгээс болж энэ хорвоогоос буцсан. Энэ мэтчилэнгээр сүүлийн нэг жилийн дотор хичнээн хүн эмч, эмнэлгийн ажилтны буруугаас болж хорвоог орхив оо. Тэдний дийлэнх нь хаана, юу нь өвдөж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй бага насныхан гэхээр Монголын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагчид ёс зүй, хүн чанараа хаана гээчихсэн юм бэ гэж асуумаар байна.
Үхэл, амьдралтай тэмцэж байгаа бяцхан өвчтөнөө хараад өрөвддөггүй юм аа гэхэд ядаж өөриймсөг хандаж болно доо. Монгол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнууд хэзээнээсээ ийм хүйтэн, хөндий болчихсон юм бол. Яагаад өвчтөндөө хүн шиг сэтгэлээр хандаж, яагаад хүний хувиар хүндэтгэлтэй хандаж болдоггүй юм бэ, эмч нараа. Цалин бага, ачаалал их, ажил хүнд байж болно, тэрийг чинь ойлгож байна. Гэвч энэ бүхэн хэн нэгний амийг эрсдэлд хүргэх шалтгаан биш юм. Мэдээж, хэн нэгнийг амь насыг хэргээр эрсдэлд оруулья гэж боддоггүй байх. Хамгийн гол нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй, хайхрамжгүй, хүнд суртал, харилцааны доголдлоос болоод хүний амь эрсдэж байна. Өөрөөр хэлбэл, Монголын эмч нар мэдлэггүйгээсээ биш сэтгэлгүйгээсээ болоод хүний амийг эрсдэлд оруулж байгаагаа ойлгох цаг нь болжээ. Шулуухан хэлэхэд манай эмч нар шиг ууртай, ааштай, омогтой эмч нар дэлхийд байдаг болов уу. Магадгүй хэтэрхий их ачааллаасаа болоод ажилдаа түртээд ууртай, бухимдалтай байх үе олон л гардаг байх. Гэхдээ тэр уур, бухимдлынх нь золиос хэн нэгэн өвчтөн байх ёсгүй шүү дээ. Тэр тусмаа харилцааны соёл муутай эмч нарын хайрхамжгүй, хариуцлагагүй алдааны золиос хүний амь байх учиргүй. Эмчийн ёс зүйд суралцахын тулд эхлээд хүн чанартай, харилцааны соёлтой байх ёстой болов уу. Хүний амь гэдэг тоглоом биш.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн ёс зүй, хүн чанар нь бүр доошоо орчихсон энэ үед Эрүүл мэндийн сайдаас салбарын ажил чинь хэзээ сайжрах вэ гэж асуумаар байна.