Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны нийт арилжаа нэг жилийн өмнөхөөс 86 орчим хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, энэ оны эхний есөн сарын байдлаар 20.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 42.9 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Энэ нь жилийн өмнөхөөс арилжсан үнэт цаасны үнийн дүнгээр 122.8 тэрбум төг буюу 86.0 хувь, үнэт цаасны тоо 86.6 сая ширхэг буюу 66.9 хувиар тус тус буурсан үзүүлэлт ажээ.
Үнэт цаасны арилжаа ийнхүү жилийн өмнөхөөс 86 хүртэл хувиар буурсанд энэ салбарын хууль эрх зүйн орчин дутмаг, Монголын хөрөнгийн биржид нэвтрүүлээд нэг жилийг үдсэн Лондонгийн арилжааны системийн шинэчлэлтэй холбоотой гэж зарим эдийн засагчид үздэг юм. Тиймээс өдөрт 10-40 сая төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийж байгаа хөрөнгийн зах зээлийн орчин нөхцөл, ашиг ирэх онд Үнэт цаасны тухай хууль хэрэгжээд эхлэхэд сайжрах байх гэсэн хүлээлт байгаа юм.
У.БОЛОР