
2009 оны эцсийн байдлаар манай компани санхүүгийн чадавхийн гол үзүүлэлт болох нөөцийн сангийн хэмжээг 10,8 тэрбум төгрөгт хүргэж, нийт 2,5 тэрбум төгрөг нөхөн төлбөрийг дангаар барагдуулсан амжилтаар даатгалын зах зээл дээр тэргүүлэх байр сууриа улам бататгасан.
Гэтэл манай компаний тухай ор үндэсгүй, гүтгэлэгийн чанартай мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтэд цацагдах боллоо. Даатгал нь өөрөө итгэлцлийн, нэр хүндийн бизнес учраас дээрх худал мэдээлэл даатгуулагчдын маань дунд эргэлзээ төрүүлж, үл итгэх байдал үүсгэхээс болгоомжлон энэхүү албан мэдэгдэлийг Та бүхэндээ хүргүүлж байна.
Тодруулбал, “Өнөөдөр” сонины 2010 оны 06 дугаар сарын 11-ний дугаар 136 (3999) дахь дугаарт Монгол Даатгал ХХК-ий төв болон салбар газруудын үйл ажиллагааг зогсоож, битүүмжилсэн, “Чингис хаан” банкны хадгаламж эзэмшигчдийн даатгалыг хариуцдаг бөгөөд уг мөнгийг тус компаний захирлууд үрэн таран хийсэн мэтээр ноцтой төөрөгдүүлсэн, илт худал мэдээлэл тавигдсан байна.
Бизнесийн салбарт байдаг шударга өрсөлдөөний зарчмыг умартан, хэвлэл мэдээллийн нээлттэй, эрх чөлөөт байдлыг зүй бусаар ашиглаж, манай компаний нэр хүндэд халдсан дээрх мэдээллийг ор үндэсгүй болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тухайлбал, одоогоор аль ч даатгалын компани банкны хадгаламжийн даатгалын үйлчилгээ эрхлэх хуулийн зохицуулалт байхгүй ба Чингис Хаан банк одоогоор хадгаламжийн үйлчилгээ явуулдаггүй болно. Манай нөөц сан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлын талаар эргэлзэх зүйлгүй бөгөөд тус компаний өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, амжилттай явагдаж байгааг үүгээр Та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна. Монгол Даатгал ХХК-ий санхүүгийн чадавхи, нөөцийн сангийн нэмэгдсэн байдал, нөхөн төлбөрийн олголт болон үйл ажиллагааны тухай албан ёсны мэдээллийг Монголын даатгалын салбарыг хянан зохицуулах эрх бүхий төрийн байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны www.frc.mn гэсэн цахим хуудаснаас үзэж болно.
Бид даатгуулагч Та бүхнийхээ итгэлийг дааж, гэрээгээр хүлээсэн үүргээ найдвартай биелүүлнэ гэдгээ манай үнэ цэнэтэй түнш, даатгуулагчиддаа албан ёсоор илэрхийлж байна. Бидний цаашдын харилцаа улам өргөжин, урт удаан хугацаанд амжилттай үргэлжлэнэ гэдэгт Бид итгэл төгс байна.
2010.06.11.