
Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг шатсан “Бөмбөгөр”-ийн газрыг худалдаж авсан, тэндээ олон давхар худалдааны төв барих гэж байгаа гэсэн яриа бараг хоёр жилийн өмнө гарч байв. Басхүү хотын төв, олон хөлийн газар байрлалтай энэ газрыг сонирхсон хүмүүс ч мэр сэр байдаг тухай нэг бус удаа хэвлэлээр бичиж байлаа. Олон жил “эзэнгүй” юм шиг байсан энэ газарт чухам хэн барилгын ажил эхлүүлснийг сонирхон, “Бөмбөгөр” худалдааны төвийг зорив.
Тэнд ажиллаж байгаа ажилчдын хэлснээр “Бөмбөгөр”-ийн суурин дээр дахин шинэ худалдааны төв босгохоор барилгын ажлыг эхлүүлээд байгаа аж. Биднийг очиход барилгын талбайн баруун урд хэсэгт нэлээд том хэмжээний нүх ухсан байв. Ойр орчных нь хонг шороог цэвэрлэж, хуучин барилгынх нь суурийн хог, хаягдлыг холдуулах ажил ид өрнөж байгаа бололтой. Барилгын эргэн тойрны бетонон суурь, хаягдлыг цэвэрлэх ажлыг “Анар сан” ХХК гүйцэтгэж байгаа юм байна. Цэвэрлэгээний ажил энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх тухай тус компанийн талбайн ерөнхий инженер Г.Батбаяр ярилаа. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн 12.00 цагийн үед очихдоо бид тус барилгын манаач Д.Бямбаа гуайтай таарсан юм. Үнэндээ бол өдөртөө тэнд ажилчин гэхээр хүн цөөн байсан. Манаач Д.Бямбаа гуай “Ямар компанийн барилга баригдах гэж байгааг ах нь мэдэхгүй. Худалдааны төв л барих юм гэнэ лээ. Би хүний оронд гарч байгаа юм. Та нар орой 22 цагаас хойш ирвэл албаны, ажил мэдэх хүмүүстэй нь уулзаж болох байх” гэсэн тул бид оройн 22.30 цагийн үед дахин “Бөмбөгөр”-ийг зорилоо.
Оройдоо харьцангуй олон хүн барилга дээр ирсэн байлаа. Шинээр барьж байгаа худалдааны төвийн газар шорооны ажлыг “Баян соён заан” ХХК-ийн 50 гаруй ажилчин гүйцэтгэж байгаа аж. Барилгын ажил үргэлжилж байсан учраас завтай хүн цөөн байлаа. Харин тус компанийн жолооч Б.Хурцбилэг бидний сонирхсон асуултад хариулж, энэ газарт “Алтжин” группийн захирал Г.Алтан дахин шинэ худалдааны төв барих гэж байгааг хэлсэн юм.
-Энэ газар одоо хэний нэр дээр байдаг вэ? Асашёроюү Д.Дагвадоржийг худалдаж авсан гэх яриа гараад байгаа?
-Тэр худлаа. Анхнаасаа “Алтжин” группийн захирал Г.Алтан гэдэг хүний нэр дээр байсан. Тэр ч утгаараа Г.Алтан эгч өөрийнхөө газар дээр дахин худалдааны төв барих гэж байгаа.
-Яагаад заавал та нар оройн цагаар ажиллаж байгаа юм бэ?
-Өдрийн цагаар том даацын машин хотын төвөөр явахыг хориглосон шүү дээ. Тийм болохоор бид 22-07 цагийн хооронд ажиллаж байгаа.
-Доошоо ухсан нүх нь их гүнзгий юм. Тэгэхээр их өндөр барилга барих нь ээ?
-Тийм ээ. Их том худалдааны төв барих юм. Доошоо дөрвөн метр. Гаражтай, иж бүрэн тохижилттой худалдааны төв босох байх.
-“Бөмбөгөр” худалдааны төв галд өртөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ олон жилийн хугацаанд яагаад ашиглаагүй юм бол. Газрынхаа татварыг төлж байсан болов уу. Танд энэ талаар мэдэх зүйл байгаа юу?
-Хөрөнгө мөнгөний асуудал нь хүнд байсан байлгүй дээ. Дээрх хугацаанд газрынхаа татварыг цаг тухайд нь төлж байсан болохоор ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Г.Алтан захирал 20-иод шатахуун түгээх станцтай байсан. Тэр бүгдийгээ зарж, түрээслэгчдийг хохиролгүй болгосон. Одоо яагаад эргээд хөлөө олж болдоггүй юм бэ. Тийм биз дээ. Өөртөө ахадсан гэмээр ачаа үүрч, түүнээс гарч байсан энэ хүнд туслах гэж манай компанийнхан боломжийн үнэ хөлсөөр газар шорооных нь ажлыг гүйцэтгэж байгаа.
-Та нарын ажил хэзээ дуусах вэ?
-Бид долдугаар сард дуусгах зорилготой байгаа. Бүх юм хууль журмын дагуу явж байгаа болохоор ямар нэгэн хэл ам гараагүй.
-Талбайн хэмжээ нь хэд вэ?
-Урт нь 350, өргөн нь 200 метр орчим талбай байгаа.
-Барилгын ажлыг ямар компани хэдий хугацаанд гүйцэтгэх бол?
-Нарийн ширийн асуудлыг би мэдэхгүй. Мэдэж байгаа зүйлээ л хэллээ. Г.Алтан захирлаас асуух хэрэгтэй байх.
-Г.Алтан захирал одоо хаана байгаа вэ?
-Гадаадад байгаа.
-Ер нь барилга хэзээ ашиглалтад орох бол?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Ойрын 1-2 жилийн хугацаанд барилгын ажлыг дуусгах байх.
Б.Анхаа