Сургагч багш бэлтгэх ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Сургагч багш бэлтгэх ажил эхэллээ

Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэндийн байгууллагын суурь шинэчлэлийн бодлого”-ыг сурталчлах сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уг сургалтад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын 50 орчим эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Тэд сургалтад хамрагдсанаар эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн бодлогын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй бусад эмч, ажилчдад сурталчлан таниулах, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг цаашид орон даяар үргэлжлүүлэн хийнэ.

 ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чан Монгол улсад хийсэн айлчлалынхаа үеэр эрүүл мэндийн бодлого, түүний хэрэгжилт, дэд бүтэц, , хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт гээд бүгдийг дүгнэж хэлэхдээ, “Танай улсын эрүүл мэндийн салбарын бодлого чиглэлийн хувьд зөв үе шатаар явж байна. Харин бодлогоо хэрэгжүүлэх чадавх сул байна” хэмээн дурдаж байсан юм. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Н.Удвал сургалтыг нээх үедээ онцлоод, Монгол улсын эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа суурь шинэчлэлтэй холбоотой мэдээллийг товч танилцууллаа.

 Энэхүү “Эрүүл мэндийн байгууллагын суурь шинэчлэлийн бодлого”-ыг сурталчлах сургагч багш нарыг бэлтгэх үйл ажиллагааны хүрээнд:

  • “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр- Эрүүл мэндийн суурь шинэчлэл
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх, мэдээлэх
  • Байгууллагын эрсдэлийн удирдлага, үнэлгээ
  • Эрүүл мэндийн мэдээллийн технологийн шинэчлэл
  • Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний багц
  • Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний стратеги /өрх, сум, тосгоны эмнэлэг/
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал
  • Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр
  • Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай
  • Эмийн чанар, аюулгүй байдал
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны харилцааны хэм хэмжээ
  • Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ
  • Эрүүл мэндийн санхүүжилт
  • Телемедицинийг хөгжүүлэх нь
  • Эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлого гэсэн чиглэлүүдээр дээрх сургалтыг зохион байгуулж байна. 

Эх сурвалж: www.moh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж