
Хэрэг явдал энэ сарын 1-ний Эх үрсийн баярын өдөр Ерөө голын эрэг дээр болсон аж. Гэр бүлийнхээ хамт голын эрэг дээр амарч байсан Ч.Улаан гишүүн хүмүүс хашгиралдаж, “хүүхэд живчихлээ” гэх дуулианаар ус руу үсэрч, нэг айлын гурван хүүхдийг уснаас гаргасан байна. Монголчууд эртнээсээ “Уул, ус хоёрт ам гарч болдоггүй” гэдэг. Тэр тусмаа говь, тал нутгийн хүүхдүүд голдуухан уснаас холуур, дөлж явдаг зантай. Харин Сүхбаатар аймгийн унаган хүүхэд болох Ч.Улаан гишүүний хувьд усан спортоор олон жил хичээллэсэн, түүгээр ч барахгүй энэ спортын холбооны ерөнхийлөгч гэдгийг олон хүн энэ үйл явдлын дараа л мэдсэн байх.
“Ч.Улаан гишүүн гурван хүүхдийн амь аварчээ” гэхтэй зэрэгцээд “Зүв зүгээр усанд сэлж байсан хүүхдүүдийг л татаад гаргаад ирээ биз, сайхан “пиар” байна”, эсвэл “Усанд сэлдэг хүнд бол ч юухан байх вэ дээ” гэхчилэн ёж үгс сонсогдож л байсан. Сайнаасаа илүү муу нь олон сонсогдох болсон энэ цагт тэдний ингэж хэдэрлэх нь аргагүй ч байж магадгүй. Гэвч хүн сонгуульд нэр дэвшихийн тулд, эсвэл хүмүүст сайхан “пиар” үзүүлэхийн тулд хэзээ ч амиараа дэнчин тавьдаггүй юм. Өөр бусдаар бол юу ч хийж болох ч гэлээ. Яагаад гэвэл хүний амь гэдэг юунаас ч илүү үнэтэй. Тэр тусмаа өдий төдий нэр алдарт хүрч, эд мөнгө хураасан, өмчлөх өмч, эдлэх хөрөнгөтэй хүмүүсийн хувьд амь нас, амьдрал нь юунаас ч илүү үнэтэй. Тийм ч учраас тэд хар амиа хамгаалахын тулд өч төчнөөнөөр нь хамгаалагч хөлсөлж, өөрөөсөө бусдыг үл ойшоож, үр хүүхдээ ч бусдаас тусгаарлан хазгай гишгэх, хальтрахаас хүртэл үхтлээ айж явдаг. Харин энэ бүхнээ үл ойшоон айлын гурван хүүхдийн амийг аварч, нэгэн гэр бүлийг насан үүрдийн уй гашуугаас тойруулж өгснийх нь төлөө УИХ-ын гишүүн Ч.Улаан танд “Баярлалаа” гэж хэлье. Сайхан сэтгэлийн үзүүрт юу гэдэг билээ…
Б.ЗАЯА