Төсвийн тухай хуулийг төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Төсвийн тухай хуулийг төслийг өргөн барив

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж өнөөдөр УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа.

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутагт хөрөнгө, эх үүсвэрийг хуваарилах шалгуур үзүүлэлтүүдийг илүү тодорхой болгох, хувь хэмжээг хуулиар хатуу заан өгч хууль эрх зүйн орчинг илүү тогтвортой, удаан хугацаанд мөрдөх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
 
Хуулийн төсөлд Монгол Улсын төсвийн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд оруулах загварчилсан шилжүүлгийн шалгуур үзүүлэлтийн хувь хэмжээг Төсвийн тухай хуульд хүн амын тоо 70 хувь, нутаг дэвсгэрийн хэмжээ 10 хувь, аймаг, нийслэлийн татварын идэвх санаачилгын индекс 20 хувь байхаар хатуу зааж, сум, дүүргийн татварын идэвхи санаачлагын индексийг нэг хүнд ногдох орон нутгийн татварын орлогоос үндэслэн тооцохоор тусгажээ.

Уг хуулийн төсөл батлагдсанаар орон нутаг өөрсдийн хөгжлийн төлөвлөлтийг дунд хугацаанд урьдчилан боловсруулах боломжтой болох төдийгүй сум, дүүргийн төсвийн хүрээнд баг, хороодод орон нутгийн хөгжлийн сан байгуулах хууль, эрх зүйн орчин бүрдэх юм. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, эх үүсвэрийг аажмаар нэмэгдүүлэх, үүнээс гадна Төсвийн тухай хуульд буй зарим зөрчилтэй заалтыг зохицуулах зорилгыг агуулсан байна.

Уг хуулийн төсөл нь орон нутгийн төсвийн харилцааг зохицуулсан зүйл, хэсэг, заалтыг агуулсан таван зүйлтэй юм.

Шинээр өргөн барьсан хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Л.Дашдоржоос тодрууллаа.


– Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол агуулга юу вэ?

-Энэ хуулийн төслийг нэг гол асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор өргөн барилаа. 2013 оноос эхлээд сум, дүүрэг, аймаг, нийслэлд бие даасан Орон нутгийн хөгжлийн сан байгуулах талаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулиар орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө шилжүүлэх шилжүүлгийг тодорхой загварчилсан байдлаар шилжүүлэх ёстой. Шилжүүлгийн бүх итгэлцүүр үзүүлэлтүүдийг 25 хувь Төсвийн хуульд гэж тавьсан нь өнөөдөр амьдралд нийцэхгүй, тодорхой зөрчил агуулж байна. Хүн амаас хамаарах үзүүлэлтийг 25 хувь гэж үзсэн нь хүн ам олонтой газар илүүтэй хохирох байдалд хүргэж байгаа юм. Нутаг дэвсгэр, төвөөс алслагдсан байдал гэдгийг мөн 25 хувь гэж үзсэнээс болж Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн Орон нутгийн хөгжлийн сангаас авч байгаа хөрөнгө бага хэмжээтэй, харин хүн ам цөөтэй ч нутаг дэвсгэр ихтэй аймгууд илүү санхүүжилт авах нөхцөл үүссэн. Гэтэл төсвийн зарлага бол хүн амынхаа тоотой шууд хамааралтай байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж иргэдтэй уулзах үеэрээ иргэдээс гаргаж байсан саналуудыг харгалзан үзэж хүн амаас хамаарах үзүүлэлтийг 70-80 хувьд тавих нь зүйтэй гэж үзсэн. Энэ дагуу хуулийн төсөл боловсруулсныг өргөн барилаа.
 
-Одоо УИХ-аар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж байна. Төсөв батлуулахаас өмнө энэ хуулийн төслийг хэлэлцүүлж амжих уу?
 
-Улсын нэгдсэн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээс өмнө амжиж энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулж амжина гэж үзэж байгаа. Хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлээд явах боломжтой.

Хуулийг хэрэгжүүлснээр зардал нэмэгдэхгүй. Аймаг, орон нутагт хуваарилагдах мөнгөний дүнд зарим өөрчлөлт орно. Гэхдээ хүн амынхаа тоог дагаж өөрчлөгдөх учраас илүү амьдралд ойр, шударга тогтолцоо бүрдэнэ гэлээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж