
Тавдугаар сарын эцсийн байдлаар инфляци улсын хэмжээнд 13,1 хувьд, Улаанбаатарт 16,1 хувьд хүрчээ. Энэ нь хүнсний барааны үнэ, үүн дотор махны үнэ 50 хувь, хүнсний ногооны үнэ 20 хувиар өссөнтэй холбоотой ажээ. Статистикчид ийн мэдээлж байгаагаас харахад инфляци ч хэдийнэ өндрөө авсан нь тодорхой боллоо. Ямартай ч статистикчид нэмж мэдээлнэ гэж байхгүй. Харин дарж далдлах үүргийг бол “дээрээс” хэзээний өгчихдөг нь бичигдээгүй хууль. Тиймээс инфляци 20 хувьд хүрчихсэн ч байж мэднэ гэсэн хар төрөөд байгаа юм. Бүр урьд өмнө үзэгдээгүй байдалд орж мэдэх нь. Одоогоос хоёр жилийн өмнө инфляци 34 хувьд хүрч байсан гашуун түүх давтагдахгүй гэх баталгааг статистикчид лав өгсөнгүй. 2008 оны инфляцийн өсөлтийн гол буруутан нь гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт байсан бол энэ жил харин махны нийлүүлэлт буруутаж таарав.
Улс орныг бүхэлд нь хамарсан цас зудны гамшигт 8,8 сая мал буюу нийт малынхаа 20 хувийг, гарсан төлийнхөө 30 хувийг зуданд алдсанаас ийн инфляцийг хөөргөж орхисон байна. Хүн амынхаа тооноос хэд дахин давсан олон малтай хэрнээ мал гэдгийг огт мэддэггүй, махыг бол хааяа нэг хүндтэй зоогондоо залдаг, тэр хэрээрээ мах үнэтэй байдаг хөгжингүй орны төвшинд махны үнэ хэдийнээ очжээ. Малыг Чежү арлын хэдхэн тооны морь, амьтны хүрээлэнгийн ямаагаар л төсөөлдөг солонгосчууд хонины махыг яг л бидэн шиг кг-ыг нь 6500-7000 төгрөгөөр худалдан авч байгаа. Харин үхрийн мах бага зэрэг илүү үнэтэй бол гахай, тахианы мах бүр ч хямдхан. Цалин хөлсний тухайд биднийг хэд дахин нугалах нь ойлгомжтой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 820 мянган вонн буюу 984 мянган төгрөг авч байгаа хэдий ч солонгосчууд мах идэх нь тун ховор. Яагаад гэвэл мах үнэтэй тансаг хэрэглээнд тооцогдоно. Албан байгууллага, анд найзууд, ахан дүүсээрээ сардаа нэг удаа “маханд орж” магнайгаа тэнийлгэнэ. Удахгүй монголчууд бид ч сардаа ганц удаа махсаагаа гаргадаг болчихвол гайхах зүйлгүй. Монголчууд олноороо ажиллаж, амьдарч буй Чех улсад ч кг мах 100-120 крон буюу 7000-10000 мянган төгрөгийн ханштай байна. Ингээд тоочоод байвал энэ жилийн хувьд махны үнэ хэтэрхий өссөн нь харагдана. Үнийн өсөлтөөс хэн ч хожоогүй бөгөөд махны үнийг барьж байх үүрэг бүхий хүмүүст ч хариуцлага тооцолгүй хаврыг үдэж зунтай золгоод байна. Малынхаа олонхийг зудад алдсан малчид үлдсэн цөөн хэдээ үнэд хүргэчих санаа төрөх нь мэдээж. Тиймээс намрын сар гартал махны үнэ буурна гэж найдалтгүй бололтой.
Хэрэглээний үнийн индекс нэмэгдэв
Инфляцитай эн зэрэгцэн өсөн нэмэгдэж буй нэгэн үзүүлэлт бол хэрэглээний үнийн индекс. Өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд 3.2 хувь, Улаанбаатарт 4.2 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлт ажээ. Сар тутам хоёр хувиас илүүгүй нэмэгддэг уг индекс ийн нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлийн нэгдүгээрт мөнөөх л мах, махан бүтээгдэхүүн жагсчээ. Удаах нь харин ус ундаа аж. Ус ундааны бүлгийн хүнсний үнэ тавдугаар сард 6.4 хувиар өсчээ. Түүнчлэн өнгөрсөн сард автобензин, дизель түлш 2,7-4,2 хувиар, хот хоорондын тээврийн ачаа тээврийн зардал 25 хувиар өссөн нь хэрэглээний үнэд онцгой нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй байгаа юм. Хэрэглэж буй бүхэн маань бусдаас дутахгүй үнэд хүрсэн ч орлого нь харин огт өсдөггүй урвуу хамааралтайгаас монголчуудын амьдралын чанар улам бүр доошилсоор байна.
ажилгүйчүүдийн олонх нь эрчүүд
Манай улсын нийт хүн амын 65,8 хувь нь хөдөлмөрийн чадвартай. Уг нь энэ бол улс болгонд олддог боломж биш юм. Хүн амын дунд ажиллах хүчин элбэгшихийг олон улсад “хүн ам зүйн цонх нээгдэх үе” хэмээн нэрлэдэг бөгөөд тун ховорхон боломжийн нэгд тооцдог ажээ. Хөгжингүй орнууд, тэр дундаа Европын орнуудад хүн ам нь хөгширснөөс ажиллах хүчин дутагдаж, гадаадаас ажиллах хүчин импортлох явдал түгээмэл болжээ.
Харин манайд ажиллах хүчин нь байсаар атал ажлын байр ховор байгаа нь хөгжил буурай байгаагийн хамгийн сонгодог жишээ гэж болно. Манай улсад 15-60 насны, тодруулбал ажил хөдөлмөр хийж орлого олох боломжтой нэг сая 111 мянган хүн байгаа. Тэдний 975.9 мянга нь л ажлын байртай, үлдсэн 135.1 мянган хүнд ажил олдохгүй байгаа гэдгийг статистикийн судалгаа харуулж байна. Эдгээрээс 38796 нь л аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлж, ажил идэвхтэй хайж байгаа хүмүүс ажээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 50.3 хувь нь урьд нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байсан, 49.7 хувь нь ямар нэг ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, ажил хайж анх удаа бүртгүүлсэн хүмүүс байна. Өнгөрсөн сарын хувьд ажилгүй 23.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 14.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж , 8.4 мянган иргэн ажил идэвхтэй эрж, хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан гэсэн мэдээллийг статистикчид өгч байна.
Ажил хөдөлмөр эрхэлнэ гэдэг өнөөдрийн хувьд хангалуун амьдралын үндэс болж чадахгүй ч бор хоног, шар өдрийг ходоод хоосон өнгөрөөчихгүй боломжийг олгож байгаа. Гэтэл ихэнх гэр бүлийн хувьд тогтмол орлоготой, байнгын ажлын байртай хүн ганцхан байх жишээтэй. Ажилгүй байгаа 135.1 мянагн иргэний 76.3 мянга нь эрэгтэйчүүд, 58.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Ихэнхдээ бүсгүйчүүд нь хөдөлмөрлөж, эрчүүд нь гэрээ сахих болсон гаж гэмээр зуршил ч нийгэмд тогтоод удаж байгааг дээрх тоо баримт батална. Ажлын байрны хомсдолоос үүдэлтэйгээр манай улсын ядуурлын төвшин сүүлийн гурван жилийн турш 35 хувиас буурсангүй. Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.2 мянга буюу 54.7 хувь нь 16-34 насны залуучууд байгаа бөгөөд Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь аймагт ажилгүй иргэдийнх нь 60.1-67.3 хувь нь залуучууд байгаа юм. Залуу хүн өөрийн гэсэн орлогогүй байгаа нь ахмадуудын нуруун дээрх ачааг улам нэмэгдүүлэх нь мэдээж. Үр хүүхдүүдээ боловсролтой болгохын төлөө нойр хоолоо хугаслан зүтгэсэн нь талаар болсноос хэдэн эхийн санчиг наснаасаа эрт бууралтаж, хэчнээн эцгийн сэтгэлийн хат амьдралын өмнө сөгдөж байгааг тооцох аргагүй юм.
Амьдралаа өөрсдийн хүчээр төвхнүүлэх гэж, бусдын дайтай амьдрах гэж “бор зүрхээрээ” зүтгэж буй олон гэр бүлд төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Улсаас үнэгүй түгээсэн мал болоод орон сууцны хувьчлалын алинд нь багтаагүй хүмүүсийн олонх нь залуучууд. Огт орлогогүйгээс ар гэртээ, цаашлаад улс нийгэмдээ адлагдагсдын цөөнгүй хувь нь мөн л залуус байна. Жаахан дэмнээд өгвөл дундаж амьдралд орчих боломжтой олон гэр бүл төр засгийн бодлого үгүйлэгдсэнээс ядууралд хувь нэмэхэд хүрээд байна. Залуучуудыг, залуу гэр бүлийг дэмжихгүй байгаагаас халаас нимгэн, ухамсар хөнгөн залуус нь уруудаж буруудахад хүрдэгийг амьдралын олон жишээ батлах болжээ. Тэдний хийж бүтээхийг ахмадууд нь үүрч, түүртэж явна. Ажилгүйдлээс ядуурал үүсч, тэр нь улсын хөгжлийг чөдөрлөсөөр ирсэн ч ажилгүйдлийг бууруулах талаар дорвитой хийсэн зүйлгүй өнөөдөртэй золгож байна. Тухайн хүн ажилтай байх эсэх, айл өрхийн амьдрал хаашаа эргэх нь хувь хүнээс шалтгаалах нь зүй боловч хичээгээд ч ядуурлаас гарах бололцоо бүрдэхгүй байгаа нь харамсалтай.
Д.Цээпил