Шинэ турбин хугацаандаа ашиглалтад орсонгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Шинэ турбин хугацаандаа ашиглалтад орсонгүй

“Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК -д шинэ уурын турбин суурилуулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх ажил одоогоос хоёр жилийн өмнө буюу 2011 оны 11 сард гэрээ байгуулснаар эхэлсэн. Харин 2012 оны 4 дүгээр сард Д.Зоригт Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байхдаа тус станцын хашаанд шавыг нь тавьж байсан юм.

Гэрээний дагуу “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөж, 35 мегаваттын турбогенераторыг шинээр суурилуулах ажил 2013 оны 10-р сар гэхэд хийгдэж дуусах байсан ч өнөөдрийг хүртэл шинэ турбин ашиглалтад орох нь байтугай тус станцын хашаанд ч буугаагүй байна. Анх Турбингенераторыг нийлүүлэх нээлттэй олон улсын тендер зарлаж, гүйцэтгэгч байгууллагыг сонгосон. Төслийг гүйцэтгэгчээр ОХУ-ын АСЕН компани шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 2013 оны 10-р сарын 20-нд шинэ турбингенераторыг хүлээлгэн өгөх байлаа.

Түлхүүрээ хугацаандаа гардаж аваагүйд ямар шалтгаан байгаа, энэ ажил чухам аль шатандаа явааг тус станцын дарга О.Нямдаваагаас тодрууллаа. Түүний хэлснээр энэ оны эхэн хүртэл төслийн хүрээнд огт ажил хийгдээгүй байсан ч өдгөө ОХУ-д шинэ турбинаа үйлдвэрлүүлж, Монголын талаас  ОХУ-д өнгөрөгч 1 дүгээр сард очиж, ажил байдалтай нь танилцсан, үүний дараачаар 5 дугаар сард үйлдвэрлэлтийн дараах турбины туршилтад оролцсон гэлээ. Одоо Монголруу ачихад бэлэн болгосон, нөгөө талаас генераторын үйлдвэрлэл дуусах шатандаа буюу 95 хувьтай явааг хэллээ. Дарханы дулааны цахилгаан станцын хашаанд барилгын суурь цутгах ажил мөн хийгдэж дуусчээ. Энэ байдлаараа ажил урагшилвал 2014 оны 9 дүгээр сард ашиглалтад орно гэж тооцож байна. 

Гэрээнд заасан 24 сарын хугацаа 2013 оны 12 сарын 22-ны өдөр гэхэд дуусна. Гэвч гүйцэтгэж буй ажил дуусахгүй нь ойлгомжтой байгаа учраас гэрээ сунгагдана гэж харж байна. Нөгөө талаас ажлаа хугацаандаа гүйцэтгэж чадахгүй байгаа АСЕН компанид хариуцлага тооцож гэрээгээ цуцлах боломж бас бий. Гэвч хугацаа алдана, ахин тендер зарлаж гүйцэтгэгч сонгон, гэрээ байгуулна гэвэл багаар бодоход нэг жил шаардагдах юм. Мөн төслийн өртөг нэмэгдэх сөрөг талтай. Тиймээс шинэ турбинтай болох ажлаа анхны батлагдсан төсөвт багтаагаад, гэрээгээ дуусгахад анхаарч ажиллана гэдгээ О.Нямдаваа дарга ярьж байна.

Төслийн талаар эргэн сөхвөл, ХБНГУ-ын KfW банкны жилийн 0.75 хувийн хөнгөлөлттэй зээл болох 10.5 сая евро, Монголын талаас 5 тэрбум төгрөг гаргаж санхүүжүүлж эхэлсэн. Төслийн эхэнд 2 тэрбум болон 2,8 сая еврог урьдчилгаа болгон авсан бол, энэ оны 5 дугаар сард үйлдвэрлэлийг дэмжих 1.6 сая еврог АСЕН компанид шилжүүлжээ. Энэ хугацаанд нийт төсөвт өртгийнхөө 40 орчим хувийг гүйцэтгэгч компани аваад байгаа юм.

Турбингенераторыг суурилуулснаар үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний хэмжээ 1.6 дахин нэмэгдэж 415 сая квт болно.

ЖАРГАЛ

Эх сурвалж: http://darkhantimes.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж