Бекенбауэр: Герман л Бразилийг сөхрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Бекенбауэр: Герман л Бразилийг сөхрүүлнэ

Хөлбөмбөгийн ертөнцөд Франц Бекенбауэр хэмээх нэр алдартай. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд домог болтлоо нэрээ дуурсгасан 67 настай энэ эрхэм 1974 онд тоглогчийн хувиар дэлхийн аваргын цом өргөж, хожим нь 16 жилийн дараа Германы шигшээ багийг дасгалжуулж, дэлхийн аваргаас түрүү хүртсэн билээ. Харин 2006 онд тэрбээр нутагтаа хөлбөмбөгийн баяр цэнгэл ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан. Энэ үед тэрбээр Зохион байгуулах хороог ахалж байсан юм.

Франц Бекенбауэрийн FIFA.com-д өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэе.

-Та 1990 онд Германы шигшээ багийг дасгалжуулж, дэлхийн аваргын цом хүртсэн. Тэр тэмцээний дурсамжаас хуваалцахгүй юү?

-Үнэнийг хэлэхэд, ДАШТ гэдэг ой санамж, дурсамжид хамгийн удаан оршдог. 1990 онд бид Италид дэлхийн аварга болох хувьтай байжээ, хөлбөмбөгийн төлөө гэсэн агуу зүрх сэтгэлтэй тэр л газарт. Аргентинчууд хагас шигшээд талбайн эзэн багийг хожсон нь бидний хувьд үнэхээр аз юм шүү. Аваргын төлөө талбайн эзэн, хүчирхэг багтай тоглоно гэдэг ямархан болохыг надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа байх. Тиймээс финалд Аргентиныг хожно гэдэг харьцангуй амар даалгавар байлаа. Энэ бол миний хувьд хэзээ ч мартаж чадамгүй үйл явдал, дурсамж.

-Дэлхийн хөлбөмбөг сонирхогчид ирэх жил Бразилийг онилно. Та тэр дэлхийн аваргын тэмцээнээс юу хүлээж байна вэ?

-Италичуудын адилаар Бразиль бол хөлбөмбөгийн орон. Энэ спортын төлөө зүрх сэтгэлтэй улс. ДАШТ-ий үеэр тэр мэдрэмжийг илүүтэй сайн мэдрэх байх гэж бодож байна.

-Бразильчууд энэ жил нутагтаа зохион байгуулсан FIFA-гийн Холбоотны цомд түрүүлж, өрсөлдөгчдөдөө том анхааруулга өгчихлөө. Ирэх жилийн ДАШТ бас тэнд болно. Талбайн эзэн баг хэр амжилттай оролцох бол?

-Түүхийн хуудас эргүүлбэл, Холбоотны цомд түрүүлсэн баг дараа жил нь дэлхийн аварга болсон нэг ч тохиолдол байдаггүй. Тиймээс түүх бразильчуудын эсрэг байгаа /инээв/. Гэхдээ тэд нутагтаа тоглоно. Холбоотны цомын тэмцээний үеэр юу чаддагаа хангалттай харуулсан, Дэлхийн аваргын үеэр ч тэгэх болно. “Гэртээ” тоглоно гэдэг том давуу тал байгаа учраас бразильчууд гол фаворитуудын нэг байх болно.

-Тэгвэл, таны эх орон, Йохим Лёвоор удирдуулсан Германы шигшээ баг яах бол?

-Йоги 2006 онд шигшээ багийн дасгалжуулагчийн албыг хүлээж аваад Юрген Клинсманны туслахаар ажиллаж байхдаа хийж байснаа үргэлжлүүлж байгаа. Гэхдээ хүний удирдлага дор бус өөрийнхөө эр зоригоор. Нугаршгүй бат бөх хамгаалалтын арга барил нь энэ багийг амжилтад хөтөлдөг, бас Йогигийн шинэ авьяас нээж илрүүлэх тэр билгийн нүд гайхалтай шүү. Одоо Германы шигшээ багт 2006 оны дэлхийн аваргад оролцсон бүрэлдэхүүнээс цөөн хэдэн тоглогч үлдсэн байна. Бусад нь ид цэцэглэж, хөгжиж яваа залуу тоглогчид, хүүхдийн академиас төрөн гарч буй авьяастнууд. Тэгэхээр тэдгээр академи бол зөвхөн клубын төвшинд бус, шигшээ багийн амжилтад ч нөлөөлөхүйц шинэ үе, залгамж халааг бэлтгэж байгаа юм.

Өдгөө Германы шигшээ баг цоо шинэ хэв маягтай болсон. Шинэлэг, залуу, эрч хүчтэй. Йоги Лёв үүнд хувь нэмрээ оруулж байна. Бразилийн багийг нугачин дарах хүчтэй багийг нэрлэ гэвэл би Герман гэж хэлнэ.

-Тэгэхээр 1990 онд таны удирдаж байсан үеийнхтэй харьцуулбал Йохим Лёвд тамирчдын сонголт, нөөц бололцооны хувьд харьцангуй хялбар байгаа гэж ойлгож болох уу?

-Сонголт арвин байвал ажил хялбар байх нь гарцаагүй. Бас өнөө цагийн Германы Бундеслигт хоёр шилдэг баг байна. Та бүхэн харсан, “Байерн Мюнхен”, “Боруссия Дортмунд” багууд Аваргуудын лигийн финалд өрсөлдлөө. Германы шигшээ баг дээрх хоёр багийн бүрэлдэхүүн дээр үндэслэдэг. Месут Озил, Сами Хедира гээд өөр шилдэг тоглогчид байгаа ч шигшээ багийн гол суурь “Байерн” болон “Боруссия”-д тогтдог. Энэ бол асар том давуу тал.

-Хөлбөмбөгийн зарим экспертүүд ярьдаг л даа, “Байерн Мюнхен” болоод “Боруссия Дортмунд”-ын өрсөлдөөн, тэмцэл, дайсагналын талаар. Тэгэхээр энэ байдал шигшээ багт нөлөөлдөг үү?

-Би тоглогч байхдаа яг ийм зүйлийг мэдэрч байсан. Тэр үед гол өрсөлдөгч байсан “Боруссия Мёнхенгладбах” клубын Берти Фогтс, Гюнтер Нетцер, Юпп Хайнкес гээд хувийн зүгээс өрсөлддөг тоглогчид байлаа. Бид талбай дээр ширүүн өрсөлдөгчид, дайснууд шиг л байдаг байсан, харин үндэсний шигшээ багтаа бол нэгэн зорилготой, нэг баг болж чаддаг байсан. Одоо ч ялгаагүй байх.

-“Байерн Мюнхен” клубын хүндэт ерөнхийлөгчийн хувьд танаас асууя. Танай баг энэ жил өнгөрсөн улирлын адил гурван цом хүртэж чадах болов уу?

-Өрсөлдөгчид нь боломж олговол тэд алдахгүй нь гарцаагүй. Гэхдээ бодит байдлыг авч үзвэл арай л чадахгүй байх. “Боруссия Дортмунд” маш хүчирхэг байна, тиймээс “Байерн”-д тийм боломж өгөхгүй л болов уу. Бүх зүйл “Байерн”-ээс шалтгаална.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж