
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлэх тоонууд сайныг огт өгүүлэхгүй болжээ. Эргэн төлөх зээлийн хэмжээ хоёр их наяд 336 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.6 хувьд хүрсэн, өнгөрсөн тавдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индекс буюу инфляц өмнөх оны эцсийнхээс 13.1 хувиар өссөн байна. Харин Улаанбаатар хотод инфляц 16.1 хувьд хүрсэн хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Нийслэлд ийнхүү инфляц огцом өссөнийг махны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа ч үнэндээ Засгийн газраас баримталж байгаа халамжийн бодлогын шууд үр дагавар юм. Цагаан өмнө хүүхэд хөгшдөд олгосон 70 мянгын сургаар өсч эхэлсэн хэрэглээний барааны үнийг хоёр сарын өмнөөс үлдсэн иргэдэд олгосон ээлжит 70 мянга улам хөөрөгдлөө. Наадмын үеэр буурдаг махны үнэ энэ жил харин уламжлалаа зөрчих бололтой. Үүн дээр ирэх аравдугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдэх цалин инфляц нэг оронтой тоо руу бууна гэсэн эрх баригчдын найдварыг хөсөрдүүлнэ гэдэгт олон хүн итгэлтэй байна.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ өссөний улмаас орлого багатай иргэд түлхүү суурьшдаг захын хорооллын дэлгүүрүүд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалахаа больсон байна. 3-4 хүүхэдтэй өрх долоо хоногтой 70.000 төгрөгөөр захаас долоо хоногийн хүнсээ базааж чадаад байсан бол одоо 100.000-гаас нааш хэрэгцээт бараагаа авч чадахаа больжээ. Орлого багатай хүмүүсийн өл залгуулж байгаа ганц бүтээгдэхүүн нь гурил болсон байна. Амьдрал ийм байхад Төрийн ордны бөөрөнд шахам дуу дуугаа авалцан нээгдэж буй дэлхийн брэнд дэлгүүрүүд захын хорооллын дэлгүүрээс олон үйлчлүүлэгчтэй байгааг харахад монголчууд аль хэдийнэ баяжиж амьдрал сайхан болсон мэт. Эдгээр брэнд дэлгүүрүүдэд дэлгэсэн барааны хамгийн хямд нь 400.000-500.000 төгрөг юм. Арваад хоногийн өмнө нээгдсэн Burbury брэндийн дэлгүүр нээгдсэн өдрөө 50 саяын гүйлгээ хийсэн гэж байгаа. Гэтэл захын хорооллын дэлгүүр өдөртөө 50.000-ын орлого хийхтэй үгүйтэй.
Монгол Улсын Ерөнхий сайдуудаас анх удаа бизнес хийж, мөнгө үржүүлж үзсэн, “Итгэлт” баяны ухаантай сайд томилогдлоо хэмээн С.Батболдыг талархан угтаж авсан иргэд анхны сэтгэгдэл нь хуурамч байсныг ойлгож эхэлж байх шиг. Энэ улс оронд хэтийн төлөв харсан эдийн засаг, санхүүгийн бодлого байгаа эсэхэд эргэлзэж байна. Оюутолгой, Тавантолгойгоос төдөн жилийн дараа төчнөөн төгрөг олно, хөрөнгийн зах зээлийг мөнгө босгоно гэсэн хэдэн үгээр хоосон ходоод цадаж, хуучин гутал шинээр солигдохгүй нь ойлгомжтой.
Улс төрийн амбицад хөтлөгдсөн эдийн засаг сайныг авчрахгүй
Дэлхийн улс орнууд төсвийн хяналтыг чангатгаж, зардлаа танаж байхад манайд харин эсрэгээрээ. Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа төсвийн тодотгол гацаад удаж байна. Зардал танах УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн эх оронч санаачилга ирэх жилээс нааш хэрэгжихгүй бололтой. Төсвийн алдагдлаа бууруулахгүй бол хамтын ажиллагаагаа зогсооно хэмээн олон улсын санхүүгийн байгууллагууд нэг удаа сануулж байгаа ч Тэргүүн шадар сайд нь “бид яриад чадахгүй нь, та нар өөрсдөө намын бүлгүүдтэй уулзах уу” хэмээн тогоон дотроо хагарсан олгойг өөр тогоо руу залсан байгаа юм.
Европын холбоонд үүсээд байгаа төсвийн хямрал дэлхийн бусад улс орныг араасаа чирэх нь тодорхой болоод байгаа энэ цагт Монголын холбогдох хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Тавантолгойг яаж хуваах вэ, төмөр замын царигаа нарийн болгох уу, эсвэл өргөн хэвээр үлдээх үү гэсэн эдийн засгийн агуулгатай ч улс төрийн шийдэлтэй асуудлаас өөр бодож байгаа юм алга бололтой.
Төсвийн алдагдлаа бондоор хаасаар холбооны бусад удсаа хөлдөө чирээд байгаа Грекийн жишээ манайханд том сургамж болох учиртай. 2009 онд төсвийн алдагдлыг 446 тэрбум төгрөгийн бондоор, мөн Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 219 тэрбум төгрөг гаргаж хаасан нь Монголын Засгийн газар галаар тоглож байгаатай адил юм. Харин Сангийн сайд С.Баярцогт эдгээр алхмыг УИХ-ын гишүүдэд “бодит эдийн засгаа дэмжсэн бодлого” гэж тайлбарлаж байгаа. Түүний хэлснээр өнгөрсөн онд төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газар 90 тэрбум төгрөгийн бонд, төрийн албан хаагчдыг орон сууцжуулахад зориулж зургаан тэрбум төгрөгийн бонд, алт олборлогчдыг дэмжих зорилгоор 75 сая ам.доллартай тэнцэх бонд, “Зоос” банкинд зориулж 100 тэрбумийг тус тус гаргажээ. Орон сууцанд зориулан бонд гаргаснаар барилгын компаниудыг аварна гэж тооцоолсон бол алтны компаниудад зээл олговол гадаад валютын нөөц ихэсч, улмаар монгол төгрөгийн үнэгүйдлийг зогсоож, инфляцийн хөөрөгдлийг буулгана хэмээн үзсэн аж. Харамсалтай нь эдгээр алхам эдийн засагт дэм өгч, барилгын салбар, сэргэж, инфляц буурсан уу гэвэл үгүй.
Шинээр томилогдсон Японы ерөнхий сайн Наото Кан тус улс эдийн засгаа бүтцийн хувьд өөрчлөхгүй бол нуран унахад бэлэн болоод байгааг мэдэгдээд байна. “Манай улсын өр асар их хэмжээнд хүрч хөгжингүй орнууд дотроо тэргүүлж байна. Энэ янзаар цаашаа явбал бид Грекийн араас орох болно” гэж Кан хэлжээ. Японы өр ДНБ-ээс нь хоёр дахин даваад байгаа юм. Тэрбээр өнөөг хүртэл үнэт цаас гаргах замаар байдлыг түр зуур намжааж ирсэн аргаас татгалзах нь чухал гэдгийг онцолсон байна.
Төсвийн алдагдлаа багасгаж, өрөө төлж чадахаа больсон Грекийн эдийн засаг араасаа Португал, Испанийг чирээд байна. Зардлыг багасгахын тулд цалингийн хэмжээг бууруулж, тансаг хэрэглээнээс татгалзах бодлогыг Европын холбооны улсууд барихаас өөр аргагүй байдалд хүрсэн нь энэ бүсэд амьдарч буй иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Сүүлийн хэдэн сарын турш еврогийн ханш тасралтгүй унаж байна. Хичнээн эрсдэлтэй байсан ч Европын холбоо 700 тэрбум евро-г “аврах ажиллагаа”-нд зарцуулахаас өөр аргагүй болоод байна. Буруу харж уйлж, зөв харж инээж гаргасан энэхүү шийдвэрийг Германы Канцлер Ангела Меркель “евро унавал бүх Европ унах болно. Энэ нь нэгдсэн Европ гэсэн ойлголт унана гэсэн үг” хэмээн тайлбарлаж буй.Анх арван оронтой эхэлж эдүгээ хөгжлийн янз бүрийн шатанд байсан 27 улсыг багтаагаад байгаа Европын холбоо ирээдүйн хувь заяагаа ярих дээрээ хүрээд байна. “Европын холбоог байгуулах Лиссабоны гэрээгээр Европ дэлхийд гол үүрэг гүйцэтгэх хүчирхэг тоглогч болох ёстой байсан ч АНУ тэргүүлж, Хятад удаалж байгаа геополитикийн шинэ эринд Европ зүгээр л нэг азгүй тоглогч болж эхэлж байна” хэмээн зарим ажиглагч дүгнэж байна.
Агуу их амбицаар эхэлсэн Европын холбооны өнөөгийн байдал нь эдийн засгийн буруу менежмент гэдэгтэй олон хүн санал нийлж байна. Бодлогогүй, улс төрийн абмицад хөтлөгдсөн эдийн засаг ямар хорт үр дагавартай байж болохыг Европын холбооны жишээ харуулж байгааг өөрийн орны эрх баригчдад сануулах гэсэн юм.
Д.НАРАНТУЯА