Ам.доллараар гүйлгээ хийхгүй гэсэн яалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Ам.доллараар гүйлгээ хийхгүй гэсэн яалаа

Ам.доллараар гүйлгээ хийхгүй. Хийсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох юм уу, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах хуультай.

Гэвч энэ хууль амьдрал дээр хэрэгжиж байна уу. Аль 2009 онд батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилт хэр байна вэ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бодит орлого болон худалдан авах чадварыг тогтворжуулах, дотоодын зах зээл дэх гадаад валютын зохиомол эрэлтийг багасгах, гадаад валютын ханшийн хэлбэлзлийг саармагжуулах, улс орны эдийн засгийн тогтвортой болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг хязгаарлах зорилгоор дээрх хуулийг баталснаас хойш дөрвөн жил өнгөрөөд байна. Гэтэл Монголын дотоодын зах зээлд төлбөр тооцоог доллараар тооцох явдал  байсаар л байгаа юм. Ялангуяа үл хөдлөх  хөрөнгийн зах зээл болон боловсролын салбарт ам.доллараар худалдаа хийсээр л байна.

“International School of Ulaanbaatar” буюу Олон улсын дунд сургуулийн сургалтын жилийн төлбөр 30790 ам.доллар.  Бусад хувийн дунд сургуулиуд ч бүгд л төлбөр тооцоогоо доллараар хийх сонирхолтой байдаг. Зарим барилгын компаниуд ч хүртэл метр квадратынхаа үнийг ам.доллараар тооцдог. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт буюу Зайсангийн баруун толгойн урд баригдаж байгаа “Макс өргөө ХХК Elegancy lux apartment” компани орон сууцныхаа нэг метр квадратыг 1980 ам.доллараар үнэлж байна.

Түүнчлэн евро стандартын авто машин зардаг компаниуд “бараа”-гаа ам.доллараар зарсаар байгаа.

Гэтэл Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу Монголд ам.доллараар худалдаа наймаа эрхлэх нь хориотой юм. 

Монголбанкны зүгээс дээрх хуулийн хэрэгжилтийн талаар  арилжааны банкуудын үйлчилгээнд  хяналт тавьдаг бол санхүүгийн зах зээлд өрнөж байгаа худалдаа наймаа, бизнесийн асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо хянах ёстой юм байна. Тэгвэл  тэд Монголын дотоодын зах зээлд хууль хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих үүргээ хэр гүйцэтгэж чадаж байна вэ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы хэлснээр тус хороо улирлын онцлог, иргэдээс ирсэн гомдол саналын дагуу байнгын шалгалт хийсээр ирсэн гэдгээ дуулгасан.  Иргэдийн зүгээс орон сууцны метр квадратын үнэлгээг ам.доллараар тооцож байна гэсэн гомдлыг багагүй тавьдаг бөгөөд түүний мөрөөр ШӨХТГ-тай хамтран саяхан шалгалт хийсэн гэдгээ дуулгав. Барилгын компаниудын хувьд доллараар тооцоо хийх болсон шалтгаан нь арилжааны банкуудаас болдог гэнэ. Учир нь банкнаас долларын зээл авдаг, хүүг нь доллараар төлдөг болохоор орон сууцныхаа метр квадратыг доллараар үнэлдэг бололтой юм уу даа.  Тэглээ гээд банкнаас долларын зээл авсан нь доллараар тооцоо хийхийг зөвтгөх шалтгаан болохгүй шүү дээ. Хэрэвзээ хууль зөрчих юм бол  5-10 сая төгрөгөөр торгуулна. Удаа, дараа сануулаад үгэнд нь орохгүй бол торгож, үйл ажиллагааг нь цуцлах болно гэдгийг СЗХ-ны мэргэжилтэн анхааруулсан.

Гэхдээ одоогоор торгох, шийтгэхийг урьтал болголгүй сануулах арга хэмжээ авдаг гэнэ.  Ялихгүй юмнаас ямааны гарз гэдэг болохоор СЗХ-ныхон сануулаад өнгөрдөг гээд бардаад байлтгүй юм билээ. Цаашдаа толгойг чинь илээд сануулах төдийхнөөр өнгөрөхгүй гэдгээ холбогдох газрууд хатуухан анхааруулсан.  Гэхдээ хамгийн гол нь Монголд ам.доллараар худалдаа хийхгүй гэсэн хуулиа ягштал биелүүлмээр байна.  Валютын ханш өнгөрсөн долдугаар сараас 300 төгрөгөөр өсчихөөд байгаа энэ үед хуулийг хэрэгжүүлэх нь эдийн засагт эерэг дэмжлэг болохыг үгүйсгэхгүй. Иргэдийн хувьд хэн хаана ам.доллараар худалдаа хийж байгаа талаар СЗХ болон ШӨХТГ-т мэдээлэл өгөхөд л таны гомдлын дагуу хариуцлага тооцно гэдгээ холбогдох байгууллагынхан дуулгасан.  Уг нь  бол Монголд дөрвөн жилийн өмнөөс  л ам.доллараар худалдаа хийхгүй гэсэн хууль гарсан яалаа. Сануулахгүй бол мартчихаад, сануулахаар “Шалгаж байна” гээд суугаад байдаг СЗХ-ны ажлыг ч бас яалтай.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж