Чуулганы хуралдааныг завсарлууллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг завсарлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, дөнгөж сая завсарлалаа. Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 14.00 цагаас үргэлжилж, дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.

УИХ-аар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс зарим нэг шүүмжлэлийг хэллээ. Тухайлбал, 2013 оны төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарчихсан яваа. Ийм үед Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлж, парламент нь батлах ёстой. Түүний дараа 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцсэн бол энэ онд хийгдээгүй хөрөнгө оруулалтыг ирэх жилд шилжүүлэх эсэхээ шийдэхээс эхлүүлээд зарцуулалттай холбоотой асуудлуудыг танах, цэгцтэй болгох байсан. Нөгөөтэйгүүр, гадаадаас авсан зээл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчих хэмжээнд хүрч байгаа нь анхаарлын гадна орхих асуудал биш. Мөн ирэх оны төсвийн хуулийн төслийг шинжихээр хөрөнгө оруулалт нэлээд хэмжээгээр хумигдаж байгаа. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн хэмжээнд ганцхан суманд барилга барихаар төлөвлөсөн бол Хэнтий аймагт мөн хөрөнгө оруулалт энэ хэмжээгээр туссан. Ийм нөхцөлд бодит секторыг дэмжиж, ажлын байрыг хадгалж үлдэх тухай 2014 оны мөнгөний бодлогод тусгасан зорилттой нийцэхгүй болж ирж байна" гэсэн байр суурийг түлхүү илэрхийллээ.

Мөн ирэх онд Засгийн газар төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэврийг нэмэхээр төсөвт 200 тэрбум төгрөгийг тусгасан ч хэзээ нэмэгдүүлэх тухай тодорхойгүй байгаа нь асуудлыг бүрхэгдүүлж байна. Нөгөөтэйгүүр, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 9-10 хувиар нэмэгдүүлэхээр байгаа нь инфляцитай уялдахгүй байна. Ам.долларын ханшийн өсөлтөөс болж иргэдийн худалдан авах чадвар одоогийн байдлаар 25 хувиар буурчихсан байгаа нөхцөлд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэхээс аргагүй гэсэн юм.

Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Цалин, тэтгэврийг хэзээ нэмэхээ Засгийн газар тухайн үед шийднэ. Тэдэн сарын тэдэнд нэмнэ гээд урьдчилаад зарлачихаар  бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөчихдөг тул Шинэчлэлийн Засгийн газар цалин, тэтгэврийн нэмэгдлийг зарлахгүй байхаар шийдсэн. Төсвийн тодотголын хуулийн төслийг өнөө, маргаашгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцдаа 2013 оны нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцээд баталчихад цаг хугацааны хувьд хоцроод будилаад байх зүйлгүй" гэсэн хариулт өгсөн юм. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж