Урсгал зардалд 400 тэрбумыг нэмэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Урсгал зардалд 400 тэрбумыг нэмэх шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг хийлээ. 

Ерөнхий сайд 2014 оны төсвийг батлахдаа хөөсөрсөн төсвийг зогсоох, бүтээн байгуулалтад зарцуулж байгаа хөрөнгийг  үнэн бодитой гаргах, хэрэгжилтэд хяналт тавих нь чухал байгааг  сануулав. Төсвийн зарлагыг 2013 онд 7.4 их наяд  гэж тооцсоныг танаж 6.6 их наяд болгохоор тодотгол хийжээ.  Урсгал  зардал 11 дахин өссөний дотор  эд хогшил худалдан авах  тав  дахин, гадаад томилолт  8.5 дахин өсч, гадаадын зочид, сургалт семинар зэрэгт зарцуулах зардал ч  нэмэгдсэн байна. Энэ мэт  тэвчих  болох  урсгал зардлыг хязгаарлахаар болсон талаар  танилцууллаа. Харин  зайлшгүй нэмэгдүүлэх  зардал буюу цалин тэтгэвэр нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг тусгасан  байна. Гэхдээ хөдөлмөрийн бүтээмж, салбарын онцлогоос хамаарч харилцан адилгүй нэмэгдүүлнэ гэлээ. Мөн хүүхдийн  20 мянга,  оюутанд сар бүр олгодог  тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох  бол Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын  45 мянган төгрөгийн тэтгэлгийг 70 мянгад  хүргэх нь зүйтэй гэж үзжээ. Ингэж нэмэгдүүлэхэд 12.5 тэрбум төгрөгийн нэмэгдэл  зардал  шаардагдах юм.

Цаашлаад боловсролын салбарт 34 тэрбум, эрүүл мэндийн салбарт 44 тэрбум, шинээр хөрөнгө оруулалт, ажиллах хүчний  зардалд 23 тэрбум, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход 31 тэрбум, арьс ширний урамшуулалд 20 тэрбум гээд нийтдээ 400 тэрбум төгрөгийн  нэмэгдэл зардал орохоор тусгасан  байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж