АНУ болон түүний холбоотнууд Талибаны бай хэвээр

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

АНУ болон түүний холбоотнууд Талибаны бай хэвээр

Пакистаны Талибан бүлэглэлийн лидер Хакимулла Мехсуд “АНУ болон тэдний холбоотнууд үргэлж тэдний бай байсаар байх болно” хэмээн “ВВС”-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Пакистаны баруун хойд хэсгийн нутаг дахь 30 гаруй зэвсэгт бүлэглэлийг удирддаг Талибан бүлэглэлийн лидер Хакимулла Мехсуд Засгийн газартайгаа хэзээд энхийн яриа хэлцэл хийхэд бэлэн буйгаа ч мөн дурьдсан байна. Тэрээр Талибан бүлэглэл Пакистаны Засгийн газартай энхийн яриа хэлцэл хийд бэлэн байгаа ч албаныхны зүгээс зөвшилцөлд хүрэхийн тулд ямар нэгэн нааштай алхам хийхгүй байна хэмээн буруутгажээ. Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф өнгөрсөн тавдугаар сард сонгогдсоныхоо дараа Талибан зэвсэгт бүлэглэлтэй ямар нэгэн болзоолгүй энхийн яриа хэлцэл хийх санал тавьсан аж.

Түүнчлэн Хакимулла Мехсуд АНУ-ын агаарын дайралтанд гэмгүй нутгийн иргэд  олноороо амь үрэгдэж буйг шүүмжлэн, үүнийгээ зогсоохыг шаардсан байна. Тэрээр олон энгийн иргэний аминд хүрсэн удаа дараагийн агаарын дайралтын хариуцлагыг АНУ-тай гар барьсан Пакистаны Засгийн газар хүлээх ёстой хэмээн мэдэгджээ. Талибаны лидер тус зэвсэг бүлэглэлийн Пакистаны Засгийн газрын эсрэг тэмцэх болсон шалтгаанаа АНУ-тай харилцаа холбоо тогтоосон болон исламын засаглалыг дахин сэргээх гэсэн хоёр зүйлтэй холбон тайлбарласан байна.

30 настай Хакимулла Мехсуд нь 2009 оноос Талибан бүлэглэлийн ерөнхий лидер болсон бөгөөд түүний толгойг АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос таван сая ам.доллараар үнэлээд байгаа аж. Талибан нь Пакистаны баруун хойд хэсгийн бүс нутагт хяналтаа тогтоосон исламын зэвсэгт бүлэглэл юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж