Дэлхийн гоо бүсгүй ба facebook-ийн “өрсөлдөгчид”

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн гоо бүсгүй ба facebook-ийн “өрсөлдөгчид”

Дэлхийн хамгийн гоо бүсгүйгээр Филлиппин бүсгүй шалгарчээ.  Телевизийн хөтлөгч, жүжигчин, загвар өмсөгч мэргэжилтэй 23 настай Меган Янг. Филиппин гаралтай бүсгүй “Дэлхийн мисс” тэмцээнд анх удаа шалгарч буй нь энэ. Өнгөрсөн есдүгээр сард Индонезийн Бали аралд болсон Дэлхийн мисс тэмцээнээс гоо бүсгүйн титэм гардан авснаас хойш Филиппинчүүдийн  бахархал болсон Меган Янгийн амьдрал ч дахин төрсөн мэт өөрчлөгджээ.

Меган Янг АНУ-ын Виржиниа мужийн Александриа хотод төржээ. Түүний эцэг нь Америк, эх нь Филиппин аж. Меганыг 10 настайд тэднийх Филиппин рүү нүүсэн юм. 15 настайгаасаа хойш телевизийн шоу хөтөлж, олон ангит кинонд тоглосон Меган одоо найруулагч болохоор кино урлагийн чиглэлээр суралцаж байгаа аж. Филиппинчүүдийн бахархал болсон хар  нүдэн Меган дэглэм барьж, хоолоо сойдоггүй ч бэлхүүсний хэмжээ ердөө 63 см аж. Чөлөөт цагаараа видео тоглоом  тоглох дуртай Меган Харри Поттерын шүтэн бишрэгч юм байна.

Түүнийг Дэлхийн миссийн титмийн эзэн болсны дөнгөж маргааш нэгэн хачирхалтай явдал Филиппинд болсон нь Меган Янг хэмээх адилхан нэртэй америк бүсгүй Твиттерт гэнэт олон мянган дагагчтай болсноо мэджээ. Меган Янгтай адилхан овог нэртэй бүсгүй ямар нэгэн андуурал гарсны ойлгож, гоо бүсгүйн галзуу шүтэн бишрэгч Ази хүмүүсээс өөрийг нь дагахгүй байхыг хүсч, тэдний “сонирхож буй” Меган Янг биш гэдгийг тайлбарлах гэсэн боловч тэд ойлгохыг ч хүсээгүй аж. Бүр зарим нь түүнийг дэндүү эрт оддын өвчнөөр өвчиллөө гэж загнажээ. Харин “хэргийн эзэн” энэ талаар юу ч мэдээгүй, Дэлхийн миссийн тэмцээний уламжлал ёсоор тэмцээнийг анх зохион явуулсан Лондонд аялж явжээ.

 
Дэлхийн гоо бүсгүйн титэм Меган Янгд олон боломж нээж байгаа ч нөгөө талаар түүнд атаархагчдын армийг бий болгож байгаа гэнэ. Түүнийг Дэлхийн гоо бүсгүйгээр нэрлэсний дараа Facebook-ээр нэгэн энэтхэг эмэгтэй “Филиппинийн мисс Дэлхийн мисс болсоон? Юун хошин шог вэ? Тийм зарц нарт хүн сонирхохоор юм байдаг гэж мэдээгүй юм байна. Хахаха” гэж бичсэний дараа хилэгнэсэн Филиппинчүүд коммент бичсэн Дивина ДеДива гэгчийг комментоор тасчиж хаях дөхжээ. Гэвч хүмүүс Facebook найзуудаас нь түүнийг зогсоохыг хүсэх хүртэл Дивина ДеДива  мөчөөгүй өгөлгүй Филиппинчүүдийг цэвэрхэн угаалгын өрөөнөөс ч дор үнэртэй, дорд заяаны хүмүүс гэсэн комментууд бичсээр байв.

Уг хэрэг явдлаас болж Филиппиний феминист хөдөлгөөнийхөн Дэлхийн мисс Меган Янг  болон нийт Филиппин эмэгтэйчүүдийн нэр төрийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлсэн бол зарим хэсэг нь гал дээр тос нэмэх хэрэггүй гэж үзэж байв. Эцэст нь Дивина ДеДива  гэгч Facebook хаягаа хаасан аж.  Facebook-ийн зарим хэрэглэгчид Дивина ДеДиваг “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч Мисс 2013”-т нэр дэвшигч гэдэг нэр өгсөн байна.

“Inquirer Entertainment “-ийн мэдээлснээр Дивина ДеДива гэгч Сингапурт ажиллаж, амьдардаг багш байсан нь тогтоогдсон бөгөөд дээрх рацист, үзэн ядсан комментоос болж саяхан ажлаасаа халагдсан байна. Түүний ажиллаж байсан сургуулийн эзэд  Филиппин хүмүүс байсан гэнэ. Зарим Твиттер хэрэглэгчдийн жиргэснээр тэрбээр одоо гэрээсээ толгойгоо цухуйлгахаас ч айж байгаа аж. Сингапурын цагдаагийн газар Дивина ДеДивад  Филиппинчүүдийг доромжилсон коммент бичсэнтэй холбон шалгаж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол 5.000 ам.доллараар торгох буюу гурван жил шоронд хорих ял сонсч магадгүй юм.

Гэвч Дэлхийн мисстэй холбоотой дуулиан үүгээр зогссонгүй. Хэдэн хоногийн өмнө Болгарийн мисс Нэнси Карабойчева Дэлхийн мисс тэмцээнийг зохион байгуулагчдыг  булхайцсан гэж буруутгасан юм. Facebook санал хураалтаар дээгүүр давхиж байсан Нэнси Карабойчевагийн нэр Дэлхийн мисс тэмцээний вэбсайтаас хасагдсанд Болгарчууд сэтгэл дундуур байгаа аж.

Дэлхийн гоо бүсгүйтэй холбоотой элдэв яриа, дуулиан шуугиан тасрахгүй байгаа ч Меган Янгийг дэлхийн хамгийн гоо бүсгүй гэдэг нь хүчинтэй хэвээр байна. Дэлхийн хамгийн гоо бүсгүйн хувиар Францын Канн хотод болж буй энтертэйнмент зах зээлийн том арга хэмжээнд оролцож буй Меган Янг маргааш эх орондоо ирэхэд нь Филиппинчүүд гудамж, талбайдаа цэцгэн хивс дэлгэн угтаж авахаар бэлтгэж байна.

Меган саяхан нэгэн ярилцлага өгөхдөө юун түрүүнд зорилгодоо хүрэхийг зорьж байгаа хэмээжээ. Сониуч эрчүүдэд дуулгахад дэлхийн хамгийн гоо бүсгүй ганц бие гэсэн шүү.

Н.ЭНХТУЯА












NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж