Г.Батхүү нарыг татах гарын үсэг хуурамч уу?

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Г.Батхүү нарыг татах гарын үсэг хуурамч уу?

УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахыг хүссэн иргэд ТББ байгуулан тэмцэж, 22 мянган иргэний гарын үсэгтэй өргөдлийг энэ сарын 2-ны өдөр  Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн тухай МАН-аас мэдээлсэн.  Дээрх өргөдлийг УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн иргэд сонгогчид гаргасан гэж байгаа. Харин Өвөрхангай аймгийн иргэн Ц.Нямсүрэн, Б.Ганбат, Ё.Оргодол, Ж.Жаргалсайхан, Г.Даваатогтох нар гаргасан уг өргөдлийг Үндсэн хуулийн Цэц хүлээж авахаас татгалзсан байна. Учир нь Монгол Улсын хуулинд Төрийн бус байгууллагын гаргасан хүсэлтээр УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь татгалзуулах хуулийн заалт байхгүй гэж үзжээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс тодруулахад "Би сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн сонгуулийн үеэр иргэдээс  цуглуулсан гарын үсгийг ашигласан гэсэн. Өмнө нь зурчихсан байсан гарын үсгэн дээр толгой хийсэн юмуу даа. Энэ асуудал хуулийн байгууллагаар шалгагдаад одоо шүүхийн шатанд явж байгаа шүү дээ" гэх хариулт өглөө.

Өвөрхангай аймгийн иргэдээс гаргасан уг өргөдөлд “Сонгуулийн ерөнхий хороо хууль бус шийдвэр аргасан учраас залруулж УИХ-ын гишүүн Д.Зоригт, Г.Батхүү нарыг буцаан татах ёстой” гэжээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж