
Лондонгийн алдарт Big Ben-ийг жижигхэн мэт харагдуулах аварга том механик цагийг өдгөө Хятадын Ганжоу хотын “Harmony” цамхагт суурилуулж байна. Бүрэн суурилуулж, ашиглалтад оруулсны дараа уг цаг нь дэлхий дээрх хамгийн том механик ажиллагаатай цаг болох юм. Энэхүү асар том цаг нь 10 тонн жинтэй, 13 метрийн диаметртай бөгөөд минутын зүү нь л гэхэд 7,8 метр урттай ажээ. Хятадын тус хотын нэрийн хуудас болох аварга том механик цагийг олон жилийн уйгагүй хөдөлмөрийн дүнд бүтээсэн бөгөөд Английн Smith of Derby фирмд захиалгаар үйлдвэрлэсэн байна. 1,4 сая ам.долларын өртгөөр бүтсэн уг цагийг 113 метр өндөр цамхгийн оройд байрлуулахаар Smith фирмийн ажилтнууд Хятадад очиж, ажиллаж байгаа гэнэ. Цагны нүүрэн талын шилийг 95 жилийн түүхтэй Хятадын Yantai фирм үйлдвэрлэжээ. Энэхүү цаг нь нэг сарын хугацаанд 30 секундын алдагдалтай ажиллаж магадгүй боловч GPS технологийн тусламжтайгаар автоматаар өөрөө цагаа тохируулах бөгөөд 100 жилийн баталгаатай аж.
Аварга том механик цаг энэ сарын сүүлчээр ажиллаж эхлэх бол “Harmony” цамхаг ирэх жил зочид төлөөлөгчдөд үүдээ нээх юм.
С.Цэлмэг