Эрхэм гишүүд Африкт хөлбөмбөг үзнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Эрхэм гишүүд Африкт хөлбөмбөг үзнэ

УИХ-ын хэд хэдэн гишүүн Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад эхэлж байгаа дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх гэж байна. Эрхэм гишүүн Р.Амаржаргал Азийн хөлбөмбөгийн холбооны аудитын гишүүн, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн хувьд уг тэмцээнийг үзэхээр явжээ. Тэрбээр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад энэ сарын 7-15-нд айлчилж тэнд болох Дэлхийн хөлбөмбөгийн холбооны хуралд оролцож, тэмцээний нээлт, эхний тоглолтуудыг үзэх ажээ. Харин эрхэм гишүүн Су.Батболд виза картын сугалаагаар тэмцээн үзэх эрх хожиж, азтан болжээ. Удахгүй хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр холыг зорих гэж буй Су.Батболд гишүүнтэй уулзаж, товч ярилцлаа.

-Та удахгүй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр явах гэж байна. Ямар тохиолдлоор азтан болсон бэ?

-Олон улсын визагийн төв гэж байдаг юм. Тэр төв өөрөө дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны спонсор юм. Түүнийхээ хүрээнд манай олон улсын виза карт ашигладаг банкуудад тодорхой эрх өгсөн юм билээ. Голомт, ХААН, Худалдаа хөгжлийн банк гээд гурван банкинд эрх өгсөн юм байна. Би Худалдаа хөгжлийн банкны олон улсын виза карт эзэмшдэг. Тэгээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 27-ны хооронд нэг сарын хугацаанд виза картаараа гүйлгээ хийсэн эзэмшигчдийн дунд сугалаа зохион байгуулсан юм байна. Нийтдээ 57 000 орчим сугалаа гаргасан гэсэн. Тэр дундаасаа азтан тодруулж, дөрвөн хүн шалгаруулсан байна. Тэрний нэг нь би болсон юм. Азтан тодруулахдаа С-1 телевизээр шууд дамжуулсан байна лээ.

-Бусад нь ямар хүмүүс байв?

-Цагдаагийн ажилтан нэг залуу байсан. Гадаадад амьдардаг монгол эмэгтэй, бас нэг настай эмэгтэй азтан болсон. Бид дөрөв бас нэг нэг хүн авч явах эрхтэй.

-Та хүүгээ авч явахаар болсон гэсэн үү?

-Том хүүтэйгээ явна.

-Азтан болсноо яаж мэдэв. Шууд телевизээр харсан уу, дараа нь сонссон уу?

-Аз таарна гэж миний санаанд ч ороогүй. Тэгсэн манай нэг дүү утасдаад та виза карт эзэмшдэг юм уу, Сундуйн Батболд азтан болсон гээд зарлаад байна гэсэн. Тэгж мэдсэн. Орой нь Худалдаа хөгжлийн банкнаас утасдаж, та азтан болсон гэдгийг мэдэгдсэн.

-Та мэдээж хөлбөмбөг сонирхдог байх. Хаанахын ямар багийг дэмждэг вэ?

-Миний хувьд Барселоны “Барса” клубыг дэмждэг. Бас Аргентиний багийг дэмждэг. Бидний очиж ирэх хугацааг нарийн заасан юм билээ. Онгоцны нислэг, буудлын захиалга тэгж таарсан байна лээ. Боломж байдаг бол тэнд нь байгаад бүгдийг нь үзмээр л байна.

-Хэзээ яваад хэдийд ирэх вэ?

-Энэ сарын 19-нд яваад 26-нд эргэж ирэх юм. Хоёр удаагийн тоглолт үзнэ. Очсон хойноо үзэх тоглолт, хотоо сонгох эрхтэй. Хотуудын хоорондох нислэгийн үнэ бас шагналын эрхэд багтаж байгаа. 

-Тэр үеэр ямар багууд тоглох бол. Сонирхож үзэв үү?

-Испани-Гондурасын баг, Португали-БНАСАУ-ын баг, Бразил-Зааны ясан эргийн баг байсан. Хамгийн үзүүштэй нь Бразил-Зааны ясан эргийн тоглолт байх гэж бодож байна. Мексик-Уругвайн тоглолт байна. Франц-Өмнөд Африк хоёр тоглоно. Гана-ХБНГУ-ын тоглолт байсан. Эдний дотроос л сонгож үзнэ дээ. Гана-Герман бас зүгээр байх. Манай гишүүдээс явах гишүүд бас байх шиг байсан.

-Хувиараа явж тоглолт үзэх үү?

-Тийм. Шигшээ тоглолтууд үзэх бололтой байсан. Ц.Мөнх-Оргил, Ц.Дашдорж, Ч.Сайханбилэг гишүүд хаврын чуулган хаахаар долдугаар сарын эхээр явахаар билет хөөцөлдөж байгаа юм шиг байна лээ.

-Чуулган өндөрлөж амжих болов уу?

-Долдугаар сарын 5-нд өндөрлүүлье гэсэн төлөвлөгөө байгаа.

-За сайн яваарай. Сонин сайхан ихтэй ирээрэй.

-Баярлалаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж