Бухимдал дагуулсан сүүлчийн бороо

Хуучирсан мэдээ: 2013.10.10-нд нийтлэгдсэн

Бухимдал дагуулсан сүүлчийн бороо

Магадгүй, намрын сүүлийн бороо байх. Усан бороотой өдрийн /10.09/ жиргээ өчигдрөөс эхэлсэн бороотой хамт эхлэв. Хэн нэг нь жолооч нарын соёлгүйг гайхаж, ус цацуулснаа дурьдаж байхад зарим нэг нь усанд автсан Улаанбаатарынхаа тухай жиргэнэ. Намрын сэрүү орсон болоод ч тэр үү хүйтэн бороотой өглөө бухимдал, шүүмжлэл дагуулсаар эхэлсэн юм. Устай гудамжаар хаазаа гишгэн давхиж өнгөрөх бүдүүлэг жолооч нарыг шүүмжлэнэ. Гарцан дээр зогсч байгаад бороонд норсон хулгана мэт болсон бухимдлаа жиргээчидтэйгээ хуваалцах нэгэн байхад хотоо борооны усанд живүүлсэн хотын удирдлагуудыг муулна. Хэн хэзээ хийх нь чухал биш ч хотоо ядаж усанд живүүлэхгүй байх хүсэл жиргээчид төдийгүй хүн бүрт л бий. Бороо орсон өдрийн бас нэг зовлон нь замын түгжрэл. Бороо орсон өдөр жолооч нар хаширлаад хурдаа авч чадахгүй, зам түгжсэнээр ажлаа хоцорсон жиргээчид ч өнөөдөр нэлээд хэд байв.

Бороонд бухимдсан, бас баярласан олон хүн байхад нийслэлийг цэвэр, цэмцгэр авч явдаг бидний нэрлэдэг “шар хантаазтан”-уудын цалин 20 хувиар нэмэгдсэн сайхан мэдээ жиргээг “өнгөлөв”. Үүрийн таван жингээс эхлээд цэвэрлэж, цэгцэлдэг ТҮК-ийнхан хотын өнгө үзэмжийг сэргээх хамгийн хүнд хүчир ажил хийдгийн хувьд өндөр цалин авах эрхтэй. Тэгвэл ТҮК-ийхний цалинг 20 хувиар нэмснээр дунджаар 600 мянган төгрөгийн цалинтай болж байгаа юм байна.

Монгол хүн бүр ажил, орлогтой байх нь эх орны минь хөгжлийн түлхүүр. Ажилгүйчүүдийн 60 хувь нь залуучууд байсан гэсэн судалгааг жиргэжээ. Мэдээж, ажилтай орлоготой байх ёстой ч диплом тэвэрсэн ажилгүй залуусын тоог бууруулахад төр засгаас анхаарал хандуулах шаардлагатай олон жиргээч хэлсэн байна.

Энэ өдрийн синсаац жиргээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийх байлаа. Тэрээр “Сүүлийн үед эрүүгийнхэн  сэхлээ, оодорлоо гэх болж. Нэг зүйлээс олон нийтийн анхаарлыг өөр зүйл рүү хөндийрүүлэх гэсэн, бурууг муу нэртэй хүнд наах гэсэн арга мэт. Нэг мөнгөтэй айлын тоглох юмаа олж ядсан эрх хүүхэд эрүүгийн гэмт хэрэгтнийг тэжээж, тэтгэж байснаа тэжээсэн “нохойдоо” уруулсны төлөө эрүүгийхэн сэхлээ гэх том дүгнэлт хийх нь өрөөсгөл дөө” хэмээн жиргэжээ. Энэ жиргээг твиттерчид төдийгүй улс даяараа “хутганы хэрэг мандаасан “МАК”-ийн хүүд зориулсан байна” гэдгийг гадарлах тул сайдын жиргээг “буруу”, “зөв” гэх жиргээчид хамгийн олон байлаа.

Сүүлийн хэдэн өдөр жиргээчдийн дунд сонирхол татсан сэдэв болоод буй өндөр цалинтай хүмүүсээс өндөр татвар авах шийдвэр байсан. Энэ өдөр ч мөн энэ сэдэв үргэлжилсээр байсан юм. Татвар авах нь зөв гэхээсээ илүү “Тасарсан төсвөө ард түмний татвараар нөхөх гэж байна. Ажил хийдэггүй хүмүүсийн тоо нэмэгдсэний улмаас татвар нэмж тараах мөнгөө хүрэлцээтэй болгох шийдвэр гаргаа юу”  гэх жиргээчид олон байв.

За тэгээд дагаж, дагуулж, бусаддаа мэдээлэл түгээдэг жиргээнд хууль сахиулдаг сайдын мэдэгдлээс илүүтэй гарахаар синсаац байсангүй ч мэдээлэл, мэдлэгээр дүүрэн байлаа. Энэ өдрийн жиргээг “Чи нэгэнт л мөрөөдөж байгаа юм бол том мөрөөд” гэж Дональд Трампын үгээр өндөрлөе. Болжморууд минь мөрөөдөөд байж дээ.

Тоймлосон: Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж