Долдугаар сарын 1-ний онц байдлын үеэр тушаалгүйгээр гал нээсэн, таван хүний амь хөнөөсөн хэргээр тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга Ш.Батсүх нарт Эрүүгийн хуулийн 263-ын 2 буюу “Албан тушаалаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учруулсан” гэх зүйл ангиар, Эргүүл хамгаалалтын тасгийн зургадугаар хэлтсийн албан хаагчид болох Я.Хорлоорембүүчий, Д.Төмөрбаатар, Ү.Даржаа, Ю.Гантулга, А.Ууганбаяр, Б.Батцэрэн, Н.Ариунболд нарт Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-ийн 1 буюу “Хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүнийг санаатай алсан” гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байсан.
Мөрдөн байцаах ажиллагаа жил хагас үргэлжилсний эцэст өнгөрөгч хоёрдугаар сарын 3-нд Нийслэлийн прокурорын газрын хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Ё.Сагсай дээрх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон билээ. Ингэхдээ цагдаагийн дарга нарын хэргийг Өршөөлийн хуульд хамруулж, харин буудсан цагдаа нарын хэргийг “цагдаа нар хэргээ хүлээсэн ч хэний суманд хэн өртсөн нь тогтоогдоогүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин талийгаачдын ар гэрийнхэн Нийслэлийн прокурорын тогтоолыг үл зөвшөөрөн Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард хотын төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарласан Иргэний хөдөлгөөнүүд ч УИХ-ын ажлын хэсэгтэй “Долдугаар сарын 1-нд хүний амь хөнөөсөн хэрэгт хэн буруутайг олж тогтоох, энэ тухай прокурорын тайлбарыг УИХ дээр сонсох” тохиролцоотойгоор өлсгөлөнгөө тараасан. Нэг үгээр хэлбэл энэ асуудал хуулийн байгууллагын хүрээнээс хальж, УИХ-ын түвшинд асуудал тавигдаад байгаа гэсэн үг.
Харин үүнээс хойш хоёр сар шахам хугацаа өнгөрсний дараа Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав хохирогчдын ар гэрийнхний гомдлыг хүлээж авч, цагдаагийнхны хэргийг дахин сэргээхээр болжээ. Үүнд Ерөнхий прокурорын хувийн итгэл үнэмшил, хохирогчдын ар гэрийнхний шахалтаас гадна түүнийг томилсон Ерөнхийлөгчийн нөлөө байсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь түүний Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө ч, сонгогдсоныхаа дараа ч олонтаа, тод томруунаар хэлж байсан нэг зүйл бол хуулийн байгууллагад шинэчлэл хийж, хүний эрхийг хамгаалах явдал. Ямартаа ч хоёр жил шахуу шалгагдаад үр дүнгүй байсан долдугаар сарын 1, таван хүний амь настай холбоотой хэрэг дахин сэргээгдэж, мөрдөн байцаалтад буцах болжээ. Албан бус мэдээллээр бол Ерөнхий прокурор энэ хэргийг сэргээхдээ цагдаагийн дарга нарын хэргийг Өршөөлийн хуульд хамрагдахгүй, өөр зүйл ангиар шалгах, буудсан цагаа нарын зүйл ангийг ч мөн өөрчилж, хуулиар хариуцлага хүлээлгэж болох шинэ зүйл ангиар /эрх мэдлээ хэтрүүлсэн, танхайрсан гэх мэт. сурв/ шалгах үүргийг прокурорын мөрдөн байцаах албанд өгсөн сурагтай.
Үүнээс үзвэл ноён Д.Дорлигжавыг Ерөнхий прокурорын ажлыг хүлээж авснаас хойш олон нийтийн зүгээс хамгийн их хүлээлт үүсгээд байсан нэг асуудал ямар ч байсан хөдөлгөөнд орж эхлэв бололтой. Мөн түүнчлэн тэр саяхан өөрийн орлогч нартаа өргөдлөө өгөхийг үүрэг болгосон тухай тун ойрын эх сурвалжууд ярьж байна. Ингэвэл сүүлийн 20 жил нэг намын эрхшээлд ороод байсан хуулийн байгууллагын толгойд бага ч гэсэн салхи орох нь тодорхой. Харин яаж гэдгийг харж байх үлдлээ. Одоо Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байгаа Б.Цэрэнбалтавын хувьд сүүлийн зургаан жил энд ажиллаж байгаа, харин сүүлд томилогдсон н.Болдын хувьд аймгийн прокурорт ажиллаж байхад нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр татаж авчирсан, халаасных нь хүн гэгддэг.