Г.Занданшатар: Намын даргыг урьдчилж шийдээгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Намын даргыг урьдчилж шийдээгүй

МАН-ын  27-р их хурал удахгүй болох гэж буйтай холбогдуулан намын дүрэм, хөгжлийн хөтөлбөрийн төслүүдэд өөрчлөлт оруулахад ахмад гишүүдийнхээ санал бодлыг сонсохоор өнөөдөр  хүлээн авч уулзлаа.  Ахмад гишүүдийн зүгээс “Шинэчилье” хорооныхонтой ойлголцож ажиллаж байгаа эсэх, намын ялагдлын учир шалтгаан, гэмт хэрэг асуудалд холбогдсон гишүүдийн талаар асуулт тавьж байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар ““Шинэчлэе”  хорооныхон намын бодлого, хөтөлбөр, дүрмийн өөрчлөлт зэрэг баримт бичиг боловсруулахад бүгдэд нь оролцсон. Одоо үзэл бодлын   зөрүүтэй хүн байхгүй гэж бодож байна. Намаа шинэчлэх гэдэг нь даргыг солих нэр биш” гэсэн юм. Ахмадуудын хувьд асуудалд орж, хэвлэлийн баатар болсон УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Н.Хүрэлбаатар, гадаад улсад амьдарч байгаа У.Хүрэлсүх, С.Баяр, мандатыг нь хүчингүй болгох  талаар сөхөгдсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн,   АН-д элссэн Д.Арвин гишүүнийг ч асуухаа мартсангүй. Мөн хамгийн ихээр хөндөж байсан сэдэв нь өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн  шалтгаан байв. Нам хуваагдсан, санал тооллогын хар машины будилаан, өөрсдөдөө  ашиггүй хууль гаргасан,  намын боловсон хүчний буруу бодлого зэрэг гадаад, дотоод шалтгаан байсан гэлээ. Энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатараас цөөн асуултад хариулт авсан юм.

-Удахгүй болох их хурлаар ямар  асуудлыг чухалчлан хэлэлцэх вэ?

-Өнөөдөр мөрийн хөтөлбөрийн оюун санааны манлайллын нам байхаас илүү Монголын улс төр,  хувь хүмүүсийн тоглолтоос хамаардаг дур зоргийн  тал руугаа явж байна. Орчин үеийн улс төрийн нам бодит мөрийн хөтөлбөрийн нам байж улс орон цэгцтэй бодлогоор хөгжинө. Зарим хүн улс төрийн намгүй болоё гэдэг. Намгүй ардчилал  гэж байхгүй. Намгүй байна гэж бодоё. УИХ-ын 76 гишүүн хэсэг бүлгээрээ нэгдэж л таарна. Харин  тэд юугаараа нэгдэх юм бэ. Улс төрийн  нам байж итгэл үнэмшил, мөрийн хөтөлбөрөөрөө л нэгдэнэ. Мөрийн хөтөлбөрөөс дээш улстөрч гэж байхгүй. Тиймээс манай нам мөрийн хөтөлбөрийн дор нэгдсэн  нам байх зорилготой.  Хоёрдугаарт  гишүүний шийдвэр гаргадаг тогтолцоотой нам  байх. Цөөн хүний хүрээнд гаргаж буй шийдвэр боловсон хүчний хувьд, улс төрийн бодлогын хувьд алдаатай  байдаг. Харин намын гишүүд, олон нийтээр хэлэлцүүлээд гарч  байгаа шийдвэр алдаа багатай болдог. Энэ бүхнийг намын  дүрэмдээ шингээнэ. Түүнээс нийгмийн эмх замбараагүй хөдөлгөөнийг дагаж дур зоргоороо улс төр хийдэг нам байж таарахгүй.

-Намын шинэ даргыг сонгох нь их хурлаар шийдэх гол асуудлуудын нэг. Одоогоор намын даргад өрсөлдөх хүмүүсийн нэр  яригдаж эхэлсэн үү?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, гишүүд  өөрсдийнхөө таамаглалыг л дэвшүүлж байна. Түүнээс урьдчилаад шийдсэн зүйл алга. Их хурал болоход   20 хүрэхгүй хоногийн хугацаа  үлдлээ. Их хуралд оролцох төлөөлөгчдийг  намын анхан шатны үүрээс  өрсөлдөөнтэй сонгож оролцуулна. Төлөөлөгч  бүр намын даргаар хэнийг сонгох вэ гэдэг асуудалд өөр өөрийн итгэл үнэмшлээр хандах байх.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж