“Мэдрэмжийн үдэш” мэдрэмж хөглөв

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

“Мэдрэмжийн үдэш” мэдрэмж хөглөв

“Мэдрэмжийн үдэш” нэртэй өвөрмөц оройг өнгөрүүллээ. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Б.Эрдэнэсолонгоор хаягласан энэ үдэш яруу найрагт дуртай, түүний шүлгүүдийг шимтэн уншдаг залуус цугларан анд нөхдийн халуун яриа, дурсамж, шүлгийн айзам хэмнэлийг “амьд”-аар нь сонсч мэдрэн, инээдтэй хөгжилтэй, энгийн дотно, эрүүл үдшийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Яруу найрагч Б.Эрдэнэсолонго “Гүзээлзгэний амьдрал”, “Зун шиг”, “Ихэл хатны найман цагаан домог” номуудаа хэвлүүлж олны хүртээл болгож байсан нэгэн. Түүний даруу төлөв зан, энгийн дотно гэр бүлийг уран бүтээлд нь дуртай уншигчид андахгүй. Хэзээ ч тайзан дээр гарч чанга дуугарч байгаагүй түүний бүтээлд дуртай олон уншигч цахим ертөнцөөр зарлан дуудсан “Мэдрэмжийн үдэш”-ийн урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн байсан юм.

Б.Эрдэнэсолонгын багын найз, дотны анд “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан, найрагчийн гэргий МЗЭ шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ нар энэ үдшийн гол зочид байлаа. “Номын ертөнц” нэвтрүүлгээс санаачлан зохион байгуулсан энэ бяцхан арга хэмжээ хэлбэрийн хувьд ч, яруу найргийн үнэ цэнийг мэдрүүлж, мэдрэмж хөглөх талаасаа ч тэр цоо шинэ, дахин үзүүштэй үдшийг ирсэн бүх хүнд бэлэглэж чадсан юм.

Дуучин Л.Энх-Амгалан дунд сургуулийн найм, есдүгээр ангид Б.Эрдэнэсолонготой хамтран зохиож байсан дуунуудаасаа дуулан сонирхуулж, пионерийн зуслангаас эхэлсэн нөхөрлөлийнхөө хөгжилтэй дурсамжуудыг ярьж, хүрэлцэн ирсэн дотны анд яруу найрагчид нь шүлэг хөглөж, зохиолч Х.Болор-Эрдэнэ “Хур бороо”-ны тухай дуу дуулан жинхэнэ сюрприз барьсан юм. Энэ үдшээс авсан мэдрэмжийг үүдэн дээр угтан авсан “Зун шиг” намрын бороо улам ч чимсэн билээ.  Мөн энэ үдшийг чимэглэхээр энэхүү гэр бүлийн найз нар болох “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн яруу найрагчид, судлаач шүүмжлэгчдийн төлөөллүүд, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Хулан болон цахим ертөнцийн байнгын уншигчид нь өөрсдийн хүсэлтээр хүрэлцэн ирсэн байсан юм.

Яруу найргийг зөвхөн тайзан дээрээс сонсож, номноос унших бус найрагчтайгаа нүүр тулан уулзаж, халуун дотно яриа өрнүүлэн, нэгэн гэр бүл мэт хүрээлэл үүсгэн сонсохын амтыг анх удаа мэдрэв. “Яруу найраг бол амьдрах арга биш. Яруу найраг бол жүжиглэх тайз биш” гэж хэлдэг Б.Эрдэнэсолонгын үнэн бөгөөд шимтэй мэдрэмжийг түүний дуу хоолойгоор сонсч, түүнтэй гар барилцан суугаад сонсохын ялдамд яруу найргийн мөн чанарыг ирсэн бүхэн жинхэнэ утгаар нь мэдэрч байлаа.

Мөн хилийн чанадад суудаг түүний уншигчид ч бас энэ үдшийг сэтгэлээрээ хамт өнгөрүүлж, Б.Эрдэнэсолонгоос асуухсан гэж хүсдэг олон зүйлсээ, сэтгэлийн үгсээ бичиж илгээсээр байсан юм.

Чамаас өөр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагүй
Чамаас өөр хэнийг ч би
Тийм ихээр хүлээж байгаагүй
Өөр хэн ч намайг
Чам шиг өвтгөж байгаагүй
Өөр хэнийг ч би
Чам шиг хайрлаж байгаагүй
Ус шиг, цас шиг, мөс шиг,
Гал шиг, салхи шиг чи минь…
/”Чи” шүлэг Б.Эрдэнэсолонго/

Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …
/”Зун шиг” Б.Эрдэнэсолонго/ зэрэг олон уншигчийн сэтгэлийг хөглөсөн сайхан шүлгүүдийг яг дэргэдээс нь сонсох завшаан олдсонд зочид олзуурхаж байлаа. “Мэдрэмжийн үдэш”-ийг UBS телевизийн “Номын ертөнц” нэвтрүүлгийн хамт олон зохион байгууллаа. Тун удахгүй бэлтгэсэн сурвалжлагыг тун удахгүй нэвтрүүлгээр нь хүлээн авч үзээрэй.

Эрүүл уур амьсгал, төгөлдөр хуурын ялдам эгшиг, найз нөхдийн халуун дурсамжууд, бас энгийн дотно, элдэв дүрэмгүй ийм оройг яруу найрагчид үргэлжлүүлэн хийсээр байх болтугай.

Т.МАША





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж