
Нигерийн ерөнхийлөгч Гүдлак Жонатан шигшээ багийн тамирчдадаа туйлын таатай мэдээ дуулгасан боловч Нигерчүүд харамсалтай нь боломжоо ашиглаж чадсангүй. Тус улсын нэгэн алдартай бизнесмен хэрэв Нигерийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Аргентиний багийг хожвол нэг сая ам.доллар өгөхөөр амласныг эрхэм ерөнхийлөгч тамирчдадаа дуулгасан боловч бямба гаригийн үдэш болсон “В” хэсгийн тоглолтын зургаа дахь минутад Аргентиний хамгаалагч Хайнце нэгэн гайхалтай гоол оруулснаар Нигерчүүд ялагдал хүлээж, сая доллар хувааж хүртэх сайхан боломжоо алдсан байна.
Нэрт бизнесменээс гадна Нигерийн сенатын тэргүүн Марк Дэвид мөн Нигерийн багийг дэлхийн аваргад түрүүлвэл нэмэлт мөнгөн шагнал өгөхөөр амласан байна. Тэрбээр хувиасаа шигшээ багийн тоглогч бүрт 100 мянган ам.доллар өгөхөөр ам гарчээ.
Нигерийн ерөнхийлөгч Гүдлакийн бодож буйгаар энэ жилийн дэлхийн аваргад “Супер бүргэдүүд” түрүүлэх гэнэ. Тэрбээр “Би өнөөдөр өглөө Өмнөд Африкт ирээд Африк тивийн хэд хэдэн төрийн тэргүүдтэй уулзаж, ярилцлаа. Харин тэд бүгд л энэ удаагийн дэлхийн аваргад хар тивээс аль нэг баг түрүүлнэ гэж байна. Надад төрсөн сэтгэгдлээр бол тэдний яриад буй Африкийн баг нь Нигер байх” гэжээ.
С.Цэлмэг