Шороон замыг яаралтай засварлах ёстойг онцлов

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Шороон замыг яаралтай засварлах ёстойг онцлов

Зам тээврийн сайдын тушаалаар Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлд нүүрс тээвэрлэхдээ зөвхөн хатуу хучилттай авто замаар нүүрс тээвэрлэж байх тушаал гаргасан байсан билээ. Харин өнгөрсөн зун УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Зам тээврийн сайд Р.Гансүх нараар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж нөхцөл байдалтай танилцсан бөгөөд сайдын тушаалд өөрчлөлт оруулж  нүүрсийг эргэн шороон замаар тээвэрлэх шийдвэр гаргасан юм. Ингэж шийдвэрлэх бас нэг шалтгаан нь нүүрс тээвэрлэлтийн компаниуд “Энержи ресурс” компанийн хатуу хучилттай авто замаар нүүрс тээвэрлэхдээ 400.000 төгрөгийн хураамж төлдөг учраас компаниудад ашиггүй, зарлага ихтэй байдаг байна.      

Энэ ажлын хүрээнд Монгол улсын Засгийн газраас аймгийн Засаг дарга Б.Бадраад Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлд 257км шороон замыг засварлах үүрэг өгсөн юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга ӨМӨЗО-ны Баяннуур хотын хамтын ажилллагааны хүрээнд шороон зам засварлах ажилд 20 тэрбум төгрөг шийдвэрлүүлж зам засварын ажил явагдаж байгаа. Харин ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт хуралдаж замын нөхцөл байдлын талаар ярилцсан юм. Тухайлбал, зам засварлах үед төмөр замын транс нэлээдгүй газар огтлолцож байгаа, мөн Гашуун сухайтын заставын ойролцоо шороон зам дайран өнгөрч байгаа учраас 20-иод км шороон зам нэмж бий болгох шаардлага тулгарч байгаа юм байна. Түүнчлэн шороон замаар нүүрсээ тээвэрлээд буцахдаа хатуу хучилттай авто замаар явуулж байх талаар Засгийн газарт уламжлан энэ асуудал шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа гэж мэдээлж байна.   

Ер нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уналтын байдалтай байгаагаас шалтгаалан  Монгол улсын болон Өмнөговь аймгийн эдийн засагт хүндрэл учирч байгаа юм. Тиймээс нүүрс тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд болгон өмнөд хөршид борлуулах ажлыг түргэвчлэх нь зүйтэй гэж албаныхан үзэж байгаа юм. Ямартаа ч Монгол улсын Засгийн газраас Өмнөговь аймагт энэхүү шороон замыг яаралтай засварлах, засварлахын хажуугаар нүүрс тээвэрлэлтээ зогсоохгүй байх хүндхэн үүрэг даалгавар өгсөний дагуу бүх бололцоогоо ашиглан энэ ажлыг гүйцэтгэж байгаа юм.   

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж